Home УлстөрХ.Нямбаатар: ТЭЦ-3-ын турбины зуух бүрэн шатаагүй тул технологид өөрчлөлт оруулж, өвлийг давна

Х.Нямбаатар: ТЭЦ-3-ын турбины зуух бүрэн шатаагүй тул технологид өөрчлөлт оруулж, өвлийг давна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Х.Нямбаатар

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчдэд эрчим хүч, дулаан хангамжийн нөхцөл байдал, хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр мэдэгдэлдээ, Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төслүүдийн ихэнх нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж байгааг онцолсон. Энэ хүрээнд улсын төсөвт тодотгол хийхгүйгээр үргэлжлүүлэн төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж тайлбарлав. Хамгийн ойрын томоохон төсөл болох ТЭЦ-5-ын тендер ирэх долдугаар сард нээгдэх бөгөөд энэ нь нийслэлийн дулаан, цахилгаан хангамжийн тогтвортой байдлыг хангах чухал үүрэгтэй гэж тодотголоо. Өнөөгийн байдлаар тус тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлээд байна.

Мөн Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдрүүдэд Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээр ажилласан тухай дурдлаа. Тэрээр өнгөрсөн жил Улаанбаатар хот тодорхой хэмжээний хөрөнгө босгож, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулсан нь энэ өвлийг харьцангуй хүндрэл багатай давах боломж бүрдүүлж байгааг хэллээ. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн нийслэлийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 350 мегаваттад хүрэх боломжтой гэж мэдэгдэв.

Харин дулаан хангамжийн хувьд илүү хүнд байдал үүсч болзошгүйг тэмдэглэв. Эрчим хүчний сайдтай уулзах үеэр ТЭЦ-3-ын есдүгээр турбины зуух бүрэн шатаагүй байгаа тул технологийн горимд өөрчлөлт оруулан, шууд халуун усыг эргэлдүүлж өвлийг давж гарах санал гарсан байна. Үүний дараа турбин генератор захиалах төлөвлөгөөтэй байгааг дурдсан юм.

Мөн Акуа гарден хороололтой холбоотой асуудалд хариулт өглөө. Тус хорооллын өмнөх хоёр блокийг буулгах тухай захирамж хүчинтэй хэвээр байгаа бөгөөд шүүх түдгэлзүүлсэн ч хэрэг шийдвэрлэгдэх хүртэл зөвшөөрөл олгохгүй гэдгээ илэрхийлэв. Тэрээр “Би хотын дарга болохоос эрчим хүчний сайд биш” гэж онцолж, цахилгааны зөвшөөрөл олгох асуудал нь Эрчим хүчний яамны бүрэн эрхэд хамаардаг болохыг тодотголоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.