Х.Нямбаатар: Түлшний борлуулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, өдөрт 10 мянган тонн хүргэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
нүүрс

Цаг агаар эрс хүйтэрч, нийслэлийн гэр хорооллын иргэдийн амьдралд хүндрэл үүсээд байна. Энэ өвөл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас коксжсон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн ч олдоц хомс, нийлүүлэлт хангалтгүй байгаа нь олон айл өрхийг дулаангүй хонож буйд хүргэжээ.

Түлшний хомсдол үүссэнтэй холбоотой иргэдийн гомдолд хариу өгөхдөө Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нөхцөл байдлыг тодорхой тайлбарлалаа.

Тэрбээр хэлэхдээ:

“Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий. Түлш борлуулалтын цэгүүдэд өдөрт 5000 тонн түлш борлуулж байсныг хоёр дахин нэмэгдүүлж 10 мянга болгон, нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл нийлүүлэгчийн зүгээс өдөрт хоёр удаа тээвэрлэлт хийх юм. Хэдийгээр өмнөх жилүүдийн дундажтай адил хэмжээгээр түлшний нийлүүлэлт хийгдэж байгаа ч иргэд хүйтрэхээс өмнө түлшээ нөөцлөх хандлагатай байна.

“Хотула” аппликейшнээр өрхийн нэг гишүүн бүртгүүлж, түлшээ авна гэж тооцож байсан ч нэг өрхөөс 2-4 хүн бүртгүүлж түлш авч байна. Иймээс бүртгэлийг хянаж, нэг өрхөөс нэг л гишүүн түлш авч байхаар тохируулснаар зохиомол хомсдол үүсэхгүй. Борлуулалтын цэгүүдийн нийт түлшний 50 хувь нь хуучин мидлинг, 50 хувь нь шинэ түлш байна. Арванхоёрдугаар сарын сүүлчээр 100 хувь хагас коксон шахмал түлш буюу шинэ түлш борлуулна. Энэ үед агаарын чанар ямар түвшинд очсон байна вэ гэдгийг бодитоор хэмжиж олон нийтэд танилцуулна” хэмээлээ.

Хотын даргын хэлснээр одоогоор нийслэлд 400 түлш борлуулах цэг ажиллаж байгаа бөгөөд өдөрт 5000 тонн түлшний нийлүүлэлтийг 10,000 тонн болгон өсгөх арга хэмжээ авч эхэлжээ. Тээвэрлэлтийг өдөрт хоёр удаа хийхээр төлөвлөж, түлшний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байна. Мөн иргэдийн олон дахин бүртгүүлж түлш авах явдлыг хянах системийг нэвтрүүлж, нэг өрхөөс нэг л гишүүн худалдан авалт хийх зохицуулалт хийнэ.

Шинэ төрлийн хагас коксон шахмал түлшийг арванхоёрдугаар сараас бүрэн хэрэглэх бөгөөд энэ үед нийслэлийн агаарын чанарыг хэмжиж, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй