Х.Нямбаатар: Зөвшөөрөлгүй ТҮЦ-д тог холбосон цахилгаанчныг ажлаас нь хална

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Х.Нямбаатар: Зөвшөөрөлгүй ТҮЦ-д тог холбосон цахилгаанчныг ажлаас нь хална

Нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан ТҮЦ-үүдийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нүүлгэн шилжүүлсэн ч зарим нь дахин зөвшөөрөлгүйгээр байршуулж эхэлжээ.

Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар:

“Нийслэл хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн. Гэвч эргээд ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн байршуулж, тог цахилгаанд холбогдон үйл ажиллагаа явуулж байна. Хотын ерөнхий менежер монтёртой хамт энэ долоо хоногт бүх ТҮЦ-ээр явж цахилгааныг нь тасал. Цахилгаан өгсөн ААН-үүдийнхийг ч тасал. Мэргэжлийн бус хүн цахилгааныг холбохгүй, мөнгөөр холбож өгч байгаа цахилгаанчныг ажлаас нь хална” гэж мэдэгдлээ.

Тэрээр өнгөрсөн жилийн жишээг дурдан:

“Өнгөрсөн жил нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгө авахыг зогсоохоор камерын хяналтаар 25 жолоочийг халснаар сар бүр тэрбум төгрөгийн бэлэн мөнгө төвлөрч байна” хэмээн хэлэв.

Мөн мэдээлснээр, нийслэлийн төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн газарт байсан 1,700 ТҮЦ-ээс 80 орчим нь одоогоор нүүлгэгдээгүй байна.

Харин ТҮЦ эрхлэгчид уг шийдвэрийг эсэргүүцэж, хотын даргыг огцрохыг шаардсан жагсаал зохион байгуулжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment