Х.Нямбаатарыг огцрохыг шаардан автомашины аваарийн гэрлээр эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Х.Нямбаатарыг

Өнөөдөр “Нямбаатарыг огцруулъя, аваараа асаа” нэртэй иргэний хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал зохион байгуулж, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцрохыг албан ёсоор шаардав. Хөдөлгөөнийхөн энэ сарын 28, 29-ний амралтын өдрүүдэд хотын замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгслийг аваарийн дохио асаан эсэргүүцлээ илэрхийлэхийг нийт жолооч нарт уриаллаа.

Мөн тэд хотын даргыг огцрох ёстой үндэслэл, шалтгааныг олон нийтэд тайлбарлан хүргэхээр ажиллахаа мэдэгдсэн юм. Хөдөлгөөний төлөөлөгчдийн хэлснээр:

“Ажил хийж байгаа нэрийн дор Улаанбаатар хотын иргэдийн амьдралыг дордуулж байна. Брожур тараах, эвдрэлгүй замыг сэтлэх нь үнэхээр чухал ажил мөн үү?”

Түүнчлэн тэдний хэлж буйгаар өмнө нь хотын даргыг огцруулах жагсаал хийхийг хүссэн боловч дүүргийн захиргаанаас зөвшөөрөл олгоогүй байна. Сүхбаатарын талбай дээрх бусад арга хэмжээнүүд тасралтгүй явагдаж байгааг шалтгаан болгосон аж.

Хөдөлгөөний зүгээс жагсаал цуглаанд оролцогч залуус руу эрүүгийн шинжтэй дарамт, сүрдүүлэг ирсэн талаар Тагнуулын ерөнхий газарт мэдээлсэн ч одоог хүртэл ямар ч шалгалт, арга хэмжээ аваагүйд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ.

Иймд тус хөдөлгөөн нь иргэдийг хууль зөрчихгүй, эвтэй аргаар үзэл бодлоо илэрхийлэх, хотын удирдлагын бодлогын эсрэг эв нэгдэлтэй дуу хоолой болохыг уриалж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment