УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж, Засгийн газар бодитоор огцорсон хэмээн мэдэгдлээ. Тэрбээр “дефакто” буюу албан ёсоор зарлаагүй ч бодит байдал дээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон гэж үзэж буйгаа онцлон тэмдэглэсэн юм.
Түүний хэлснээр, МАН УИХ-д 42 суудалтай Ардчилсан намгүйгээр Засгийн газраа байгуулна гэсэн шийдвэрийг нам дотроо гаргасан ч энэ шийдвэр УИХ дээр албажаагүй байгаа аж. Ерөнхий сайд асуудлаа танилцуулаагүй, өргөдлөө ч өгч амжаагүй байгаа нь нөхцөл байдлыг тодорхой бус болгож байна. Гэсэн ч Тэмүүжин гишүүний үзэж буйгаар бодит байдал дээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон тул одоо бичгээр баталгаажуулах үйл явц л үлдээд байна гэв.
АН-ын байр суурь ч бас тодорхой байна. МАН-ын урилга, зөвшилцлөөр хамтарсан Засгийн газарт орсон Ардчилсан нам одоо дахин хамтрах боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд “хөөгдсөн хүмүүс алга ташаад дэмжээд сууж байдаг гэнэн төсөөлөл байхгүй” хэмээн Х.Тэмүүжин илэрхийлсэн. Хэрэв Ерөнхий сайд асуудлаа УИХ-д оруулж ирэхгүй удааширвал, АН дутуу байгаа 32 өргөдлийг бүрдүүлэн Засгийн газрыг бүрэн огцруулах арга хэмжээг авах боломжтойг ч тэр дурдсан.
Түүнчлэн тэрбээр улс төрийн тогтолцооны сул талыг онцолж, “Монгол Улс гурван даргын улс болсон. Өглөө хэрхэн сэрэх, орой хэний ховыг сонсохоос ард түмний хувь заяа хамаарч байна” хэмээн шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн. Ингэхдээ хүнээс хамааралгүй, институцийн хариуцлагатай тогтолцоог бий болгох цаг болсон гэдгийг онцлон тэмдэглэв. Үүний хүрээнд боловсруулсан хуулийн төслүүдээ УИХ-д өргөн барихад бэлэн болж, товыг хүлээж байгаагаа хэлсэн байна.
Ерөнхий сайд өөрөө улс төрийн байр сууриа илэрхийлэхгүй байгаа, намын дотоод шийдвэр нь тодорхойгүй хэвээр байгаа нөхцөлд Ардчилсан нам сөрөг хүчний байр сууриа баримтлан цул байхаа илэрхийлсэн. Хамтарсан Засгийн газарт орсон сайд нар нь ч дахин хамтрах хүсэлгүй байгаагаа ил тод хэлсэн бөгөөд засаг үргэлжиллээ ч бүгд өргөдлөө өгөх болно гэсэн байр суурийг илэрхийлжээ.