Хятадын Шиань хотын оршин суугч Жао Чэнь ганцаараа анх удаа нисэх гэж буй өндөр настай хадам ээждээ анхаарал халамж тавих өвөрмөц арга сэджээ. Medee.news агентлаг SCMP-ээс иш татан мэдээлснээр, 60 гаруй настай тэрхүү эмэгтэй бичиг үсэг мэддэггүйгээс гадна мандарин (БНХАУ-ын албан ёсны хэл буюу хойд, баруун хэсэгт өргөн тархсан хятад хэлний гол аялга) хэлээр ярьж чаддаггүй байв. Түүнчлэн агаарын тээврийн компаниас нь дагалдан явах үйлчилгээ үзүүлээгүй байна.
Иймд Жао хадам ээжийнхээ чемодан дээр нислэгийн мэдээлэл, нөхцөл байдлын тайлбар болон тусламж хүссэн том бичиг наажээ. Тэрхүү бичигт: “Хэрэв та түүнтэй таарвал туслаарай, мөн өөрийгөө Жао Чэний найз байна гэж хэлээрэй. Хүргэж өгөх хүний утасны дугаар халаасанд нь байгаа. Яаралтай тохиолдол гарвал биед нь байгаа улаан карт дээрх QR кодыг уншуулаарай” гэж бичсэн байв.

Жаогийн цахим сүлжээнд оруулсан энэхүү нийтлэлийг ердөө хоёр цагийн дотор сая гаруй хүн үзжээ. Тухайн нислэгээр хамт явсан 21 настай Лэй хэмээх оюутан залуу туслахаар шийдсэн байна. Тэрээр нислэгийн үеэр ээжийн бие тавгүйрхэхэд тусалж, буусных нь дараа тосон авсан хүүд нь биечлэн хүлээлгэж өгчээ. Тэр ч байтугай талархлаа илэрхийлж өгсөн таксины мөнгөнөөс татгалзсан байна.
Жао өөрөө сүүлийн 11 жилийн турш ахмад настнуудад сайн дураараа тусалж ирсэн нэгэн аж. Өмнө нь нэгэн оюутан залуу түүний төрсөн ээжид нь тусалж байсан явдал түүнд урам зориг өгсөн байна. Хадам ээждээ зүүлгэсэн QR кодтой улаан карт нь түүний өөрийнх нь санаа бөгөөд тэрээр тусламж хэрэгтэй ахмадуудыг хайж явахдаа өөрөө ч мөн ийм карт зүүдэг гэнэ.
