Мэргэжлийн сүмогийн 45 удаагийн эзэн хааны цомын эзэмшигч, ёкозүна асан Хакүхо Японы Сүмогийн Холбооноос гарснаа зарласны дараа сонирхогчдын сүмог дэлхийн тавцанд хөгжүүлэх зорилгоор байгуулах шинэ компанийнхаа нэрийг олон нийтэд танилцуулжээ.
Тэрбээр Токио хотод болсон тусгай ёслолын арга хэмжээний үеэр өөрийн шинэ байгууллагыг Hakuho Dayan Sumo & Sports хэмээн нэрлэснээ зарлаж, “World Sumo Grand Slam” гэсэн концепцийн дагуу үйл ажиллагаа явуулахаар зорьж байгаагаа мэдэгдсэн юм. Энэхүү арга хэмжээнд 200 орчим зочин оролцсон бөгөөд Японы алдарт хөлбөмбөгч Кэйсүке Хонда, спортын сайд асан Сэйко Хашимото зэрэг нэр нөлөө бүхий хүмүүс хүрэлцэн иржээ.
Арга хэмжээний өмнөхөн “Japan Sumo Federation” буюу сонирхогчдын сүмогийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, тус холбооны ерөнхийлөгчөөр Тоёота Мотор компанийн ТУЗ-ийн дарга Акио Тоёодаг хоёр жилийн хугацаатай томилсон байна. Акио Тоёода нь Хакүхог олон жилийн турш дэмжсээр ирсэн бөгөөд уг томилгоонд Хакүхо ихэд талархаж буйгаа илэрхийлжээ.
Хакүхо ойрын зорилгоо танилцуулахдаа “Сүмог ирээдүйд олимпын хөтөлбөрт оруулахыг зорьж байна” хэмээн онцолж, ирэх есдүгээр сард Тайландын Бангкок хотод болох сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.
Тэрбээр энэ долоо хоногийн Даваа гарагт Токио хотод хийсэн хэвлэлийн хурлын үеэр Японы Сүмогийн Холбооноос албан ёсоор гарч байгаагаа мэдэгдсэн юм. Энэ шийдвэр нь түүний эзэмшдэг Миягино дэвжээнд гарсан дэглэлтийн асуудлын улмаас холбоо уг дэвжээг хаах шийдвэр гаргасантай холбоотой аж. Тус дэвжээг дахин нээх эсэх нь одоогоор тодорхойгүй тул ийнхүү холбооноос гарч, шинэ чиглэлд ажиллахаар болсон гэдгээ тэр тайлбарласан байна.
Хакүхо нь зөвхөн мэргэжлийн амжилтаараа бус, 2010 оноос эхлэн зохион байгуулж ирсэн “Hakuho Cup” нэртэй олон улсын хүүхдийн сүмогийн тэмцээнээрээ ч нэрд гарсан билээ. Энэ туршлагаа ашиглан, Тоёотагийн дэмжлэгтэй хамтран сүмог олон улсад амжилттай хөгжүүлэх бүрэн боломжтой гэж ажиглагчид дүгнэж байна.
1 comment
Сонирхолтой нь сүмогийн түүхэн дэх хамгийн алдартай рикишигийн нэг нь шүтэн бишрэгчдэд зориулсан компанийг төлөөлөх шинэ бүлгийг эхлүүлж байна