Халуунд хүмүүс яагаад нэгэндээ туслахаа больдог вэ?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Халуунд хүмүүс яагаад нэгэндээ туслахаа больдог вэ?

Зун болсныг тэсэн ядан хүлээдэг ч, зуны хэт халуунд дуртай хүн цөөн байдаг. Халуун наранд сүүдэрт тухлан сууж, аль болох хөдөлгөөн багатай байхыг хүмүүс хүсдэг. Харин өөр нэгэнд туслах, ялангуяа биеийн хүч шаардсан зүйл хийх гэхээр огтхон ч дур хүрдэггүй. Үүнийг баталсан сонирхолтой судалгааг ОХУ-ын сэтгэл судлаачид хийжээ.

Москва дахь халуун өдрийн туршилт

2010-2011 онд Москва хотод агаарын хэм 38 градус хүрч, сүүлийн мянган жилд тохиогоогүй халуун бүртгэгдсэн үе байв. Тухайн үед нэгэн сүлжээ дэлгүүрт хийгдсэн судалгаагаар дэлгүүрийн ажилчид үйлчлүүлэгчдэдээ туслахдаа халуун өдөр илүү хойрго, идэвхгүй байсан нь илэрчээ. Судлаачид энэхүү байдал нь дулаан уур амьсгал сэтгэл зүйн байдалд хүчтэй нөлөөлдөгтэй холбоотой болохыг тогтоосон байна.

Халуун дурсамж хүртэл сэтгэлд нөлөөлдөг

2025 онд дахин хийсэн нэгэн судалгаанд 160 интернет хэрэглэгчийг хоёр хэсэгт хуваан, нэг хэсгийг халуун өдрийн талаарх дурсамжаа бичих даалгавар өгч, нөгөөд нь хөгжилтэй зүйлийн талаар бодохыг хүсжээ. Дараа нь хоёр бүлгээс туршилтад үнэ төлбөргүй оролцох хүсэлтэй эсэхийг асуухад халуун өдрийн дурсамж бичсэн хүмүүсийн дийлэнх нь татгалзсан бол, хөгжилтэй зүйл бодсон бүлгийнхэн дийлэнх нь зөвшөөрсөн байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар, халуун өдөр дурсах нь хүний сэтгэлзүйд дарамт өгч, бусдад анхаарал хандуулах сэтгэл, эрч хүчийг багасгадаг байна.

Дулааны хэдхэн хэм хүртэл нөлөөлдөг

Судлаачид агаарын хэмийн бага зэргийн зөрүү ч хүний сэтгэлзүйн хандлагад нөлөөлдөг болохыг илрүүлжээ. Нэгэн их сургуулийн оюутнуудыг хоёр өөр температуртай (26.7 хэм болон 20.6 хэм) ангиудад суулган, 150 асуултаас бүрдэх анкет бөглүүлжээ. Анкет нь буяны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байв. Судалгааны дараа сайн дурын ажил хийхийг санал болгоход сэрүүн өрөөнд байсан оюутнуудын олонх нь зөвшөөрсөн бол халуун өрөөнд суусан оюутнууд бараг бүгд татгалзжээ. Судлаачдын тайлбарласнаар, хэт халуун орчин нь хүний эерэг сэтгэл хөдлөлийг дарж, өөдрөг байдлыг бууруулдаг учраас ийм үр дүн гарчээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment