Ханиад, томууг хурдан эдгэрэхэд саад болдог таван алдаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ханиад

Хэрвээ та ханиад, томуу удаан хугацаанд эдгэрэхгүй байгаагаа анзаарсан бол — магадгүй дархлаанд тань саад болж буй нийтлэг алдаануудын аль нэгийг гаргаж байж болох юм. HuffPost-ийн мэдээлснээр, мэргэжилтнүүд ханиад, томуугийн үед зайлсхийх ёстой таван түгээмэл алдааг нэрлэжээ.

1. Амралтаа үл тоох

Хэт яарч ажилдаа буцах, эсвэл өдөр тутмын ажлаа үргэлжлүүлэх оролдлого нь дархлааны хамгийн том дайсан юм. Бие организм вирусийн эсрэг тэмцэхэд их хэмжээний энерги зарцуулдаг. Хэрвээ та хангалттай амарч, унтаж чадахгүй бол энэ энерги тарамдаж, өвчин удаан үргэлжилдэг. Үүнээс гадна, биеийн ачаалал ба нойргүйдэл нь бронхит, уушгины үрэвсэл зэрэг хүндрэл үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

2. Гадуур явах, бусадтай уулзах

Өвчтэй үед гэртээ байх нь хамгийн зөв шийдвэр. Гадуур гарах, ажилдаа очих, дэлгүүр явах, үдэшлэгт оролцох нь танд амрах боломж олгохгүйгээс гадна бусдыг халдварлах аюултай. Халуурах, ханиах, найтаах шинж илэрсэн тохиолдолд олон нийтийн газраас зайлсхийх нь хамгийн зөв алхам юм.

3. Гараа угаахаа мартах

Ханиаж, найтаах үед вирус гараар хуримтлагддаг. Хаалга онгойлгох эсвэл нүүрэндээ хүрэхэд халдвар амархан тархдаг. Мөн бохир гараар нүд, хамартаа хүрэх нь вирусийг дахин биед оруулах эрсдэлтэй. Тиймээс гараа тогтмол савандаж угаах, боломжгүй бол спиртэн ариутгагч хэрэглэх нь хамгийн үр дүнтэй хамгаалалт юм.

4. Буруу хооллолт ба шингэний дутагдал

Бие өвчтэй үед дархлааг дэмжихийн тулд витамин, эрдэс бодис, шингэн зайлшгүй хэрэгтэй. Харин фастфуд, чихэрлэг, боловсруулсан хүнс нь үрэвслийг нэмэгдүүлдэг. Үүний оронд витамин С-ээр баялаг хоол хүнс, ус, цай, халуун шөл түлхүү хэрэглэх хэрэгтэй. Мөн архины хэрэглээ дархлааг сулруулдаг тул бүрэн татгалзахыг зөвлөж байна.

5. Маск зүүхгүй байх, ариун цэврийг үл тоох

Өвчтэй үед гадуур гарах шаардлагатай бол маск заавал зүүх ёстой. Энэ нь халдвар бусдад дамжих эрсдлийг мэдэгдэхүйц бууруулдаг. Мөн гэр бүлийн гишүүдийг халдварлахаас сэргийлэхийн тулд нэг аяга, халбага, хоолны хэрэгсэл хамт хэрэглэхгүй байх нь чухал юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй