Table of Contents
Warner Bros Discovery компани олон улсын стриминг үйлчилгээнийхээ хүрээг тэлж, HBO Max-ыг Ази, Номхон далайн бүсийн 14 оронд 10-р сарын 15-нд нэвтрүүлэхээр болсон бөгөөд тэдгээрийн дунд Монгол улс багтжээ. Ийнхүү дэлхий даяар 122.3 сая хэрэглэгчтэй энэхүү платформ манай улсад албан ёсоор нэвтрэхээр байна.
Нэвтрэх орнууд ба тэлэлтийн зорилго
HBO Max нь энэ удаагийн өргөтгөлөөрөө Бангладеш, Бруней, Камбож, Лаос, Макао, Монгол, Пакистан, Шри Ланка зэрэг оронд хүрэх юм. Энэ нь Warner Bros Discovery компанийн олон улсын зах зээлд хүрээгээ өргөжүүлэх стратегийн нэг хэсэг болж байна.
Тус компанийн ерөнхий захирал Ж.Б. Перреттэ “Энэ онд бид HBO Max-аа илүү олон улсад хүргэж, чанартай контент, хэрэглэгчийн туршлагыг өргөжүүлэхийг зорьж байна. Энэ оны эцэс гэхэд HBO Max 100 гаруй зах зээлд нэвтэрнэ, харин 2026 онд Герман, Итали, Их Британи зэрэг улсад томоохон нээлт хийхээр төлөвлөж байна” хэмээн мэдэгджээ.
Монгол дахь хэрэглэгчдэд нээгдэх контентууд
Монголын хэрэглэгчид одооноос HBO болон Warner Bros-ийн алдарт бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр үзэх боломжтой боллоо. Үүнд:
- “Superman”, “Sinners”, “Final Destination: Bloodlines” зэрэг кинонууд
- HBO-гийн гол цувралууд болох “House of the Dragon”, “The Last of Us”, “The Penguin”, “The Pitt”
- “The Paper”, “MobLand” зэрэг шинэ кино бүтээлүүд
- “Gold Rush”, “Deadliest Catch”, “90 Day Fiancé” зэрэг реалити шоу
- “Euphoria”, “Adventure Time”, “We Bare Bears”, “Tom and Jerry”, “Looney Tunes”, “The Wonderfully Weird World of Gumball” зэрэг анимейшн бүтээлүүд багтаж байна.
Монголын стримингийн зах зээл
Сүүлийн жилүүдэд Монголын дотоодын стримингийн зах зээл эрчимтэй өсөж байна. Одоогоор 14 видео болон 3 хөгжмийн стриминг платформ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд LookTV болон Ori платформуудын Google Play таталтын тоо тус бүр 1 саяыг давжээ. HBO Max-ийн нэвтрэлт нь энэхүү өрсөлдөөнтэй зах зээлд шинэ өрсөлдөгчийг нэмэх төдийгүй хэрэглэгчдэд дэлхийн чанартай контентийг албан ёсны сувгаар хүлээн авах боломжийг олгож байна.