ENHYPEN хамтлагийн гишүүн Heeseung хамтлагаас албан ёсоор гарч, хамтлаг цаашид 6 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон талаар Belift Lab агентлаг мэдээлжээ.
Heeseung нь I-LAND шоуны финалд 5-р байр эзэлсний дараа ENHYPEN хамтлагийн гишүүнээр дебют хийж байсан. Тэрбээр уг шоунаас өмнө Big Hit Entertainment-д 3 гаруй жил дадлагажигчаар бэлтгэгдсэн туршлагатай юм.
Belift Lab агентлаг албан мэдэгдэлдээ ENHYPEN-ийн ирээдүйн чиг хандлага, үйл ажиллагааны талаар нухацтай хэлэлцсэний үндсэн дээр энэ шийдвэрт хүрсэн гэдгийг дурдсан байна. Мөн гишүүдийн уран бүтээлийн зорилго, ирээдүйн төлөвлөгөөг харгалзан үзэж, олон талын яриа хэлэлцээ хийсэн гэж мэдэгджээ.
Агентлагийн мэдэгдэлд “Heeseung өөрийн гэсэн хөгжмийн алсын хараатай байгаа тул бид түүний шийдвэрийг хүндэтгэхээр болсон. Иймд Heeseung ENHYPEN хамтлагаас гарч, хамтлаг цаашид 6 гишүүнтэйгээр албан ёсны үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо” хэмээн онцолсон байна.
Цаашид ENHYPEN хамтлаг фэнүүддээ шинэ уран бүтээлүүдээ хүргэсээр байх бол Heeseung Belift Lab агентлагийн уран бүтээлчийн хувиар соло цомог бэлтгэж эхлэхээр болжээ.
Мэдэгдлийн төгсгөлд агентлаг ENHYPEN болон Heeseung нар шинэ замналаа эхлүүлж буй энэ үед ENGENE фэнүүдээс үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.