Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүтэй холбоотой тансаг хэрэглээний асуудал олон нийтийн анхаарлын төвд орсон ч тэрбээр одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Энэ нөхцөл байдалд УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хэрхэн хандах, МАН-ын дүрэмд ямар хариуцлагын механизм тусгагдсан талаар сэтгүүлчид тодрууллаа.
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар энэ талаар:
«Ямар ч асуудал дээр тухайн хүний өөрийн тайлбар маш чухал. Ерөнхий сайдын хувьд Авлигатай тэмцэх газар (АТГ) энэ асуудлыг судалж, дүгнэлт гаргах ёстой. Хэвлэлээр гарсан мэдээллээр АТГ шалгалтыг эхлүүлсэн гэж ойлгосон. Харин УИХ-ын гишүүний статустай холбоотойгоор манай Байнгын хороо хуралдаж, дүгнэлт гарган, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэх боломжтой» гэж мэдэгдэв.
Тэр мөн МАН-ын дүрмийн талаар:
«Манай намын дүрэмд уг асуудал хэрэв нотлогдвол хамтын шийдвэрээр намын гишүүнээс нь түдгэлзүүлэхээс эхлээд, эрүүгийн хариуцлага хүлээх түвшинд очвол намаас гарах хүртэл хариуцлага тооцох зохицуулалттай» гэж онцолсон юм.
Энэ үйл явц олон нийтийн хүлээлт, улс төрийн анхаарлын төвд ороод байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагаас шалгалтын дүнг олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардах дуу хоолой улам нэмэгдсээр байна.