Home Нийгэм Хиймэл оюуны эринд XIV Лео нэрийг сонгосон шинэ пап үзэл баримтлалаа танилцуулав

Хиймэл оюуны эринд XIV Лео нэрийг сонгосон шинэ пап үзэл баримтлалаа танилцуулав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
XIV Лео

Энэ долоо хоногт Ромын католик сүмийн шинэ тэргүүнээр сонгогдсон XIV Лео өчигдөр кардиналуудын өмнө өөрийн бодлого, чиг баримтлалыг танилцууллаа.

АНУ-ын иргэн Роберт Превост католик шашны уламжлалын дагуу “XIV Лео” гэсэн нэрийг сонгосон бөгөөд энэ нь түүний номын нэр болж байна. Тэрбээр энэхүү нэрийг хиймэл оюуны хөгжлийг дагасан хүн төрөлхтний өмнө тулгарч буй шинэ сорилтуудтай холбон тайлбарласан юм.

XIV Леогийн нэрийг зүүж байсан сүүлийн пап XIII Лео нь 1878-1903 оны хооронд Ватиканыг удирдаж байхдаа аж үйлдвэржилтийн эхэн үеийн нийгмийн өөрчлөлт, ажилчдын эрх, капитализмын нөлөө зэрэгт онцгой анхаарал хандуулж байжээ.

Шинэ пап XIV Лео хэлэхдээ:

“Аж үйлдвэржилтийн бас нэг шинэ хувьсгал болох хиймэл оюуны технологи хөгжиж, энэ нь хүмүүний нэр төр, шударга ёс, хөдөлмөр хамгаалалд шинэ сорилтууд бий болгож буй энэ үед манай сүм хийд нийгмийн үнэт сургаалаа бүгдэд түгээх ёстой”
гэж мэдэгдсэн байна.

Францис агсан пап өөрийн засаглалын сүүлийн жилүүдэд хиймэл оюуны эрсдэл, сорилтын талаар нухацтай анхаарч, үүнийг зохицуулах олон улсын эрх зүйн механизм бий болгохыг уриалж байсан билээ. Шинэ пап XIV Лео түүний баримталж байсан энэхүү чиг шугамыг үргэлжлүүлэх бодолтой байгаа нь илэрхий байна.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Францис пап Превостыг өөрийн залгамжлагчаар бэлдэж байсан гэх яриа ч бий.

Чикаго хотод төрсөн Роберт Превост өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Өмнөд Америкийн Перу улсад амьдарч, шашны үйл ажиллагаа эрхэлж байжээ. Тэрээр жирийн номлогчоос эхлэн Перугийн жижиг хотын сүмийн хамба болтлоо дэвшин ажилласан бөгөөд 2023 онд пап Францис түүнд Ватиканд өндөр хариуцлагатай албан тушаал хариуцуулсан юм. Тухайн алба нь дэлхийн хамба нарыг томилох сонгон шалгаруулалтын үйл явцыг удирдах үүрэгтэй байв.

Шинэ папыг сонгох нууц санал хураалт Пүрэв гарагт явагдсан бөгөөд энэ нь гадаад орчноос бүрэн тусгаарлагдсан нөхцөлд зохион байгуулагддаг. Уг санал хураалтад оролцсон 133 кардиналаас 100 нь Превостыг дэмжсэн тухайг Мадагаскарын кардинал Десире Царахазана сэтгүүлчдэд анх удаа зарласан байна.

Шинэ папыг сонгохдоо кардиналуудын гуравны хоёроос илүү хувь нь санал өгөх ёстой гэсэн дүрэм үйлчилдэг.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.