Хэсэг хугацаанд завсарлаад байсан Монголын хөлбөмбөгийн дээд лигийн тоглолтууд тун удахгүй үргэлжлэхээр боллоо. Өмнө нь дээд лигийн багууд Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлага, үйл ажиллагаа болон санхүүгийн чадамжийг шүүмжилж, өөрчлөлт шаардан бойкот зарласан нь лиг завсарлах шалтгаан болсон юм.
Улмаар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль болж, Ц.Анандбазар шинээр сонгогдсон билээ. Гэвч энэ хугацаанд лиг дахин хэзээ эхлэх нь тодорхойгүй байдалтай байсан.
Тэгвэл нөхцөл байдал эцэслэн шийдэгдэж, дээд лигийг үргэлжлүүлэх шийдвэрийг зургадугаар сарын 2-нд болсон “Очир зөвлөл”-ийн хуралдаанаар гаргасан байна. Ийнхүү зургадугаар сарын 6-наас эхлэн 17 дугаар тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдахаар болжээ.
Мөн нэгдүгээр лиг, футзалын дээд болон нэгдүгээр лигийн тоглолтууд ч ойрын хугацаанд дахин эхлэх товтой байгаа бол эмэгтэйчүүдийн футзалын лиг Монголын эмэгтэй шигшээ багийн бэлтгэл сургуулилалттай давхцсан тул тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна.
Холбоотой сүүлийн үеийн мэдээнээс дурдахад, Монголын хөлбөмбөгийн холбоо барилгын салбарыг төлөөлдөг “Golden City” клубтай санамж бичиг байгуулжээ. Тус клуб нь анхдагч алхмаар нэг легионер дасгалжуулагч болон хоёр гадаад тоглогч элсүүлэхээр төлөвлөсөн тухай мэдээлэл байна.
