Хөнгөн атлетикийн ДАШТ Токио хотноо маргааш эхэлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хөнгөн атлетикийн ДАШТ Токио хотноо маргааш эхэлнэ

2025 оны есдүгээр сарын 13-наас 21-ний хооронд Японы Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд (“Токио-2020” олимп болсон газар) хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь тэмцээн зохиогдоно. Маргааш өглөөний 07:30 цагт (Японы цагаар) спортын алхааны 35 км-ийн төрөл эхэлж, анхны медальтнууд тодрох юм.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 198 орны 2202 тамирчин өрсөлдөх бөгөөд Монгол Улсаас дөрвөн марафонч оролцож байна.

Монголын тамирчдын оролцоо

  • Бат-Очирын Сэр-Од – Тэрбээр дэлхийн аваргад 12 дахь удаагаа хүч сорих гэж байна. Удахгүй 44 нас хүрэх Сэр-Од бол хөнгөн атлетикийн ДАШТ-ийн түүхэнд марафон гүйлтээр ийм олон удаа оролцсон цорын ганц тамирчин юм. Энэ бол зөвхөн Монголын төдийгүй дэлхийн спортын үнэтэй рекорд болж байна.
  • Сэр-Одоос өмнө бүх төрлийг тооцвол хамгийн олон оролцсон тамирчид нь спортын алхааны тамирчид:
    • Испанийн Хесус Анхель Гарсиа
    • Португалийн Жоао Виейра
      Тэд тус бүр 13 удаа дэлхийн аваргад оролцсон байдаг. Гэвч марафон болон спортын алхааны ялгаа асар их гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.
  • Цэвээнравдангийн Бямбажав – Эрэгтэй марафонд тав дахь удаагаа өрсөлдөнө.
  • Баярцогтын Мөнхзаяа – Эмэгтэй марафонд тав дахь удаагаа уралдана.
  • Галбадрахын Хишигсайхан – Эмэгтэй марафонд дөрөв дэх удаагаа хүч үзнэ.

Эмэгтэйчүүдийн марафон есдүгээр сарын 14-ний өглөө 07:30-д, харин эрэгтэйчүүдийн марафон есдүгээр сарын 15-нд мөн 07:30-д гараанаас эхлэх юм.

Тэмцээний онцлох үзүүлэлтүүд

  • Нийт 49 төрөл, зайд тамирчид өрсөлдөж, 147 багц медаль хүртээхээр төлөвлөжээ.
  • Төрөл тус бүрийн эхний 8 байрт шалгарсан тамирчид мөнгөн шагнал хүртэнэ.

Хувийн төрөлд:

  • Алт – 70 000 ам.доллар
  • Мөнгө – 35 000 ам.доллар
  • Хүрэл – 22 000 ам.доллар
  • IV байр – 16 000 ам.доллар
  • V байр – 11 000 ам.доллар
  • VI байр – 7 000 ам.доллар
  • VII байр – 6 000 ам.доллар
  • VIII байр – 5 000 ам.доллар

Багийн (буухиа) төрөлд:

  • Алт – 80 000 ам.доллар
  • Мөнгө – 40 000 ам.доллар
  • Хүрэл – 20 000 ам.доллар
  • IV байр – 16 000 ам.доллар
  • V байр – 12 000 ам.доллар
  • VI байр – 8 000 ам.доллар
  • VII байр – 6 000 ам.доллар
  • VIII байр – 4 000 ам.доллар

Нийтдээ 8.5 сая ам.долларыг шагнал болгон олгохоор болжээ. Түүнчлэн дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн тамирчинд нэмэлтээр 100 000 ам.доллар олгодог. Хэрэв алтан медаль хүртэхдээ дээд амжилтыг шинэчилбэл нийт 170 000 ам.доллар хүртэх боломжтой.

ДАШТ-д оролцох босго

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга бол хамгийн өндөр босготой тэмцээн. Тамирчдыг зөвхөн чансааны эрэмбэ болон тусгай босго стандартад нийцсэн тохиолдолд оролцуулдаг.

Ийнхүү спортын “Хатан хаан” хэмээн нэрлэгддэг, хамгийн олон улс, хамгийн олон тамирчин оролцдог хөнгөн атлетикийн ДАШТ-ийг ирэх 9 өдрийн турш дэлхий нийт шимтэн үзэх гэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй