Table of Contents
Манай улсад тамхины хэрэглээ эрчимтэй өсөж, нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буйг албаныхан онцолж байна. Статистик мэдээллээр 2024 онд импортлогдсон сигар болон янжуур тамхины хэмжээ 3.5 тэрбум ширхэгт хүрч, 2014 оныхоос 50 орчим хувиар нэмэгджээ. Харин электрон тамхины импорт 2020 онд 50 мянга байсан бол тавхан жилийн дотор 8.2 сая ширхэг болж огцом өссөн байна.
Хуулийн төслийн агуулга
Энэ нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах үүднээс УИХ-ын 76 гишүүн намуудын харьяалал үл харгалзан нэгдэж, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн хэлснээр:
“Утаат, электрон, халаадаг гэх мэтчилэн шинэ төрлийн бүх бүтээгдэхүүнийг ижил зохицуулалтын хүрээнд оруулж байна. Дотор орчинд татахыг хориглох, зөвхөн тусгай зөвшөөрлөөр импортлох, зөвшөөрөлтэй газраар худалдах, 21 насанд хүрээгүй хүүхдэд борлуулахыг бүрэн хориглох зэрэг заалтууд үйлчилнэ. Тамхи бол бүгд хортой бүтээгдэхүүн тул хууль бүхэнд адил хамаарна.”
Тэрбээр мөн өсвөр насныхны дунд элдэв жимсний үнэр, амттай шинэ төрлийн тамхи газар авч байгааг дурдаад, ийм бүтээгдэхүүнийг Монгол Улсад оруулж ирэхийг хориглох заалт тусгасныг онцоллоо. “Эдийн засгийн аргаар эрүүл мэндийг хамгаалах” зарчмын хүрээнд онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэхээр болсон бөгөөд:
“Тамхи бол хортой бүтээгдэхүүн. Хортой бүтээгдэхүүн үнэтэй байх ёстой” хэмээн тэмдэглэв.
УИХ-ын гишүүдийн байр суурь
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
“Бүгд хор учраас тамхи гэдэг утгаар нь ижил түвшинд ойлгох ёстой. Сургууль дээр таван хүүхэд тутмын нэг нь янжуур, дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байна. Хуулиар зохицуулснаар эрүүл мэндэд бодит эерэг нөлөө гарна.”
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
“Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал. Залуус электрон тамхийг гангараа, сүр хүч гэж ойлгож байна. Тэдэнд зөв ойлголт өгөх, хүмүүжүүлэх шаардлагатай. Хуулийн төсөл нь хувийн хэвшлийн бизнесийг хаах бус, дэлхийн жишгээр хүнээ нэгдүгээрт тавьсан бодлогын алхам юм.”
Татварын өөрчлөлт
Шинэ хуулийн төсөлд бүх төрлийн тамхин бүтээгдэхүүн болон тэдгээрийн эд анги, дагалдах хэрэгслийн гаалийн код, нэршил, татварын хувь хэмжээг шинээр тодорхойлжээ. Одоогоор янжуур үйлдвэрлэх зориулалттай болон нэгэн төрлийн болгосон тамхи зэрэг ангилалд ногдуулж буй 5–20 хувийн гаалийн татварыг 30 хувь болгон нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Эрүүл мэнд ба эдийн засгийн хохирол
Монгол Улсад тамхины шалтгаант нас баралт 1990 онд тавдугаарт бичигддэг байсан бол 2021 онд цусны өндөр даралт, архины хэт хэрэглээний дараа гуравдугаарт бичигдэх болжээ. Өнөөдөр жил бүр 4,300 орчим хүн тамхины улмаас нас барж, нийт нас баралтын 17 хувийг эзэлж байна. Эдийн засгийн хувьд жил бүр 801 тэрбум төгрөгийн хохирол учирч, ДНБ-ий 2.1 хувийг бүрдүүлж байгаа нь ноцтой үзүүлэлт гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ.
2022 оны байдлаар Монгол Улсад тамхидалтын тархалт 28.4 хувьд хүрсэн бөгөөд энэ нь Номхон далайн баруун бүсийн хэмжээнд долоодугаарт эрэмбэлэгдэж байна. Харин 13–17 насны өсвөр үеийнхний дунд уламжлалт янжуур тамхины хэрэглээ 20 хувь болсон бол электрон тамхины хэрэглээ 24.8 хувь буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь тамхины хамааралтай болжээ.