Энэ жил эзэнгүй нохой, мууртай холбоотой олон гомдол нийслэлийн засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд удаа дараа иржээ. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн засаг дарга захирамж гарган, эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, анхан шатны түр асрах байранд авчирч, вакцин хийх, туулга өгөх, үржил хязгаарлах үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 1000 гаруй ажилтан, албан хаагч эзэнгүй нохой, муур, мал амьтдыг барьж, асрах газарт хүргэх ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны хооронд зохион байгуулж байна.
УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр: “Энэхүү ажлыг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Тус хороо гэр хороолол ихтэй, үйлдвэрийн бүс учраас эзэнгүй нохой, муур их ирж зулзагалдаг. Тиймээс Туул голын бургасаас эхлээд эзэнгүй нохой, муур барьж авах ажлыг эхлүүлсэн.” гэж мэдээлсэн.