2025 оны тавдугаар сарын 19-ний өдөр Ховд аймагт байрлах 40 айлын орон сууцны барилгын талбайд харамсалтай осол гарч, 4 хүн газар дээрээ амиа алдаж, 7 хүн хүнд бэртэл авчээ.
Тус барилгын ажлыг гүйцэтгэж байсан “Чандмань-Уушир” ХХК-ийн помедын тросс тасарснаас болж, нийт 11 ажилтан өндрөөс унасан байна. Осол болсон даруйд эрүүл мэндийн тусламж үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотоос гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нар Ховд аймаг руу яаралтай хөдөлсөн тухай эх сурвалж мэдээлэв.
Салбарын яамнаас өгсөн тайлбар
Хот байгуулалт, барилга, орон сууцны яамнаас гаргасан урьдчилсан дүгнэлтэд:
“Хөдөө орон нутагт барилга барьж буй компаниуд барилгын аюулгүй ажиллагааны стандартуудыг мөрдөхгүй байгаагаас ийнхүү ослын давтамж өндөр байна” хэмээн мэдэгджээ.
Холбогдох байгууллагууд ослын шалтгаан, нөхцөл байдалд мэргэжлийн болон хяналтын түвшинд шалгалт хийж эхэлсэн бөгөөд тус компанид хуулийн дагуу хариуцлага тооцох эсэхийг тогтоохоор ажиллаж байна.