2025 оны наймдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Ховд аймгийн төвд олон улсын хөөмийн зургаа дахь наадам зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан соёл, урлаг болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий ажлын багийг байгуулж, бэлтгэл ажлыг эрчимжүүлж байгаа талаар зохион байгуулагчид мэдээллээ.
Наадмын хүрээнд “Монгол хөөмийн урлаг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ОХУ, БНХАУ, Монгол Улсын 10 гаруй эрдэмтэн, судлаач илтгэлээ ирүүлээд байна.
Мөн тус наадмын хөтөлбөрт дөрвөн төрлөөр өрнөх хөөмийн уралдаан багтсан бөгөөд 70 гаруй хөөмийч бүртгүүлжээ. Эдгээр хөөмийчдийн дунд уламжлалт урлагийг өвлөж авч яваа залуус, олон улсын авьяастнууд ч оролцох юм.
Энэхүү наадамд зөвхөн уран бүтээлчид, судлаачид төдийгүй соёлын өв сонирхогч иргэд ч чөлөөтэй оролцож, хөөмийн гайхамшгийг мэдрэх боломжтой. Наадмын зорилго нь хөөмийн өв соёлын санг гүнзгийрүүлэн судалж, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, авьяастнуудыг тодруулан олон нийтэд таниулах, мөн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.