Table of Contents
Монголын өвлийн аялал жуулчлалын хамгийн томоохон арга хэмжээ болох “Хөх сувд” мөсний баяр 2026 оны 3 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал суманд зохион байгуулагдахаар тов гарчээ.
Байгаль, аялал жуулчлалын нэгдэл
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хөх сувд” нь Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой бөгөөд Монголын аялал жуулчлалын брэнд арга хэмжээний нэг болсон. Энэ баяр нь зөвхөн дотоодын аялагчдыг төдийгүй гадаадын олон зочдыг татдаг онцлогтой.
Анх хэрхэн эхэлсэн бэ?
Энэхүү уламжлалт баяр 2000 онд байгаль орчны байцаагчид Д.Лхагвацогт болон Ж.Төмөрсүх нарын санаачилгаар анх “Сантын өвөр” хэмээх газарт зохион байгуулагджээ. Тэр үед нутгийн иргэд оролцсон морины чарганы уралдаан болж байв.
2001 оноос эхлэн арга хэмжээ өргөжин тэлж, өнөөг хүртэл Хөвсгөл нуурын өвлийн аялал жуулчлалыг сурталчлах, байгаль хамгаалах томоохон наадам болон хөгжсөн байна.
Арга хэмжээний хөтөлбөр
“Хөх сувд” мөсний баярын үеэр дараах сонирхолтой тэмцээн, үзүүлбэрүүдийг зохион байгуулдаг:
- Мөсөн шагайн тэмцээн
- Тэшүүр, дугуйн уралдаан
- Мото спорт, нохой чарганы үзүүлбэр
- Олс таталт, буухиа тэмцээн
- “Аав, ээж, би” гэр бүлийн уралдаан
- Тахтай хатирч морьдын уралдаан
- Хөгжимт драмын театрын урлагийн тоглолт
- Бөөгийн зан үйл, тахилга
Эдгээр үйл ажиллагаа нь Хөвсгөл нутгийн өв соёл, уламжлал, байгалийн онцлогийг илтгэн харуулдаг.
Олон улсын анхаарал татсан арга хэмжээ
Сүүлийн жилүүдэд “Хөх сувд”-ын мөсний баярт Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг орноос олон зочин, төлөөлөгчид ирж оролцдог болсон нь энэхүү баярыг Монголын өвлийн аялал жуулчлалын олон улсын хэмжээний брэнд болгоод байна.
