Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хязгаарлаж, хяналтын цэг байгуулав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хөвсгөл нуурын мөсөн дээр хяналтын пост ажиллаж байна

Хөвсгөл далайн мөс хараахан гүйцэд хөлдөж, аюулгүй зорчих хэмжээнд хүртэл нягтарч бэхжээгүй байгааг мэргэжлийн байгууллагуудаас онцгойлон анхааруулж байна. Нуурын гадаргуу дээр хар, цагаан хил ихээр үүссэн нь цөмрөх эрсдэлийг дагуулж байгаа ч иргэд болон аялагчид мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсон хэвээр байгаа нь түгшүүр төрүүлж байгаа юм.

Иргэдийн амь нас, эд хөрөнгийг болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор Хатгал тосгоны Захирагчийн алба, Онцгой байдлын хэлтэс болон Цагдаагийн тасгийн алба хаагчид хамтарсан хяналтын постыг ажиллуулж эхэллээ. Тус постын бүрэлдэхүүн нуурын мөсөн дээрх хөдөлгөөнд хяналт тавьж, иргэдэд аюулгүй байдлын зааварчилгааг тогтмол өгч байна.

Аюулгүй байдлыг хангах үндсэн зааварчилгаа:

  1. Мөсөн дээгүүр зорчихгүй байх: Тээврийн хэрэгсэл болон малаар нуурын мөсийг хөндлөн гулд туулахгүй байх.
  2. Зааварчилгааг дагах: Хяналтын постонд ажиллаж буй алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг үг дуугүй биелүүлэх.
  3. Анхааруулах тэмдэг: Хориглох болон анхааруулах тэмдэг байршуулсан, эрсдэл өндөртэй хэсгүүд рүү нэвтрэхгүй байх.

Тусгай хамгаалалттай газрын захиргаа болон бусад холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, мөсний нягтаршил хангалтгүй байгаа газруудад нэмэлт тэмдэг тэмдэглэгээг байршуулаад байна. Иймд малчид, тээвэрчид болон амрагчид та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө сонор сэрэмжтэй байж, баталгаат бус замаар зорчихоос татгалзахыг уриалж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй