Хавдар судлалын үндэсний төвийн Ангиографийн эмчилгээний тасгийн эмч нар 2025 оны 6-р сарын 15-нд “Дүрсийн хяналтат судсан дотуурх мэс ажилбар” сэдвээр багц цагийн сургалт амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтад Японы Жунтендо их сургуулийн эмнэлгийн профессор Хироаки Нагамацу зочин илтгэгчээр оролцож, элэгний хорт хавдрын хожуу үеийн нэгэн шинэ арга болох HAIC New FP эмчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
HAIC буюу «hepatatic artery infusion chemotherapy» гэдэг нь хавдрын тэжээлийн артерийг сэтгүүрдэж, тусгай катетраар химийн эмчилгээ хийх технологи бөгөөд хожуу үеийн элэгний хорт хавдарт өндөр үр дүнтэй гэдгийг олон улсын туршлага харуулж байна. Уг эмчилгээ нь одоогоор Япон, БНХАУ, Тайвань зэрэг улсад өргөн хэрэглэгдэж буй.
HAIC нь TACE эмчилгээтэй төстэй боловч үйлчлэлийн зарчим болон үр нөлөөний хувьд илүү сайжруулсан арга юм. Тус эмчилгээг хийхэд Японы Интервеншналь Радиологийн болон Имплантат Эмчилгээний Нийгэмлэгийн гаргасан таван төрлийн тунгийн дэглэм удирдамжид тусгагдсан нь практикт чухал ач холбогдолтой. Профессор Нагамацу энэхүү New FP хэлбэрийн HAIC аргыг Япон улсад анх нэвтрүүлсэн мэргэжилтэн юм.
Сургалтад оролцсон эмч, мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү технологийг Монгол Улсад нэвтрүүлснээр судсанд нэвчсэн, хожуу шатны элэгний хорт хавдрын үед оношилгоо, эмчилгээний сонголтыг нэмэгдүүлж, өвчтөнүүдийн амьдралын чанар, хугацааг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах боломжтой ажээ.