Хүчтэй толгой өвдөлт үүсгэдэг түгээмэл хүнсүүд

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хүчтэй толгой өвдөлт үүсгэдэг түгээмэл хүнсүүд

Мигрень буюу таллаж өвдөх эмгэг нь тирамин, нитрит, натрийн глутамат эсвэл гистаминаар баялаг хүнснээс болж сэдрэх тохиолдол их байдаг.Мигрень бол хүнийг туйлдуулдаг хүчтэй өвдөлт бөгөөд ихэвчлэн нүүрний аль нэг тал руу чинэрч өвдөх, гэрэлд мэдрэг болох, дотор муухайрах, зарим тохиолдолд бөөлжих зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Тэгвэл хар шоколад, согтууруулах ундаа зэрэг тодорхой төрлийн хүнс энэхүү өвдөлтийг өдөөгч хүчин зүйл болдог талаар “OnlyMyHealth” цахим хуудас онцолжээ.

Хүчтэй толгой өвдөлтийг юу өдөөдөг вэ?

Кофеин

Зарим хүмүүст кофеин нь мигрений шинж тэмдгийг намдаахад тусалдаг бол бусад хүмүүсийн хувьд эсрэгээрээ өвдөлтийг сэдрээх гол шалтгаан болдог. Кофеины хэрэглээгээ гэнэт зогсоох нь “кофеины дутагдлаас үүдэлтэй толгой өвдөлт”-өд хүргэдэг тул өдөр тутмын тунг тогтмол барьж, шаардлагатай бол бага багаар багасгах нь зүйтэй.

Удаан хадгалсан бяслаг

Чеддер, пармезан, гауда зэрэг удаан хадгалсан бяслагуудад тирамин хэмээх бодис агуулагддаг. Бяслагны уураг цаг хугацааны явцад задрах үед үүсдэг энэхүү нэгдэл нь мигренийг өдөөгч болох нь тогтоогдсон.

Боловсруулсан мах, хиам

Бекон, хиам, салями зэрэг боловсруулсан болон утсан махан бүтээгдэхүүнүүд нитрат, нитрит агуулдаг. Эдгээр бодис нь судас өргөсгөж, улмаар толгой хүчтэй өвдөхөд нөлөөлдөг байна.

Согтууруулах ундаа

Согтууруулах ундаа, тэр дундаа улаан дарс нь мигренийг өдөөдөг хамгийн түгээмэл хүчин зүйл юм. Энэ нь хүний биеийг шингэний дутагдалд оруулж, цусны урсгалд нөлөөлдөгтэй холбоотой аж.

Шоколад

Шоколад нь кофеин болон тирамин хоёуланг нь агуулдаг тул толгой өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. “MDPI’s Nutrients” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар шоколад болон мигрень хоорондоо шууд хамааралтай болохыг баталжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй