Хятадад сая сая хүний сэтгэлийг хөдөлгөж, цахим орчинд олон сая хандалт авсан нэгэн ер бусын түүх өрнөж байна. Махны худалдааны золиос болохоор хулгайлагдсан долоон нохой ачааны машинаас оргож, бие биедээ туслан 17 километр замыг туулж гэртээ харьж чаджээ.
Энэхүү үйл явдал Хятадын Жилин мужид болсон талаар South China Morning Post мэдээлэв. Нохдыг нэгэн тосгоны гурван өөр айлаас хулгайлсан байжээ. Тээвэрлэх явцад тэд торноосоо гарч, замаас үсэрч амжсан байна. Хамгийн гайхалтай нь тэд тал тал тийшээ тарж зугталгүй, сүргээрээ нэгдэж хоёр өдрийн турш гэрийнхээ зүг тасралтгүй алхжээ.
3 дугаар сарын 16-ны өдөр Лу овогт нэгэн эр замын дагуу зохион байгуулалттайгаар алхаж буй нохдын бичлэгийг хийсэн нь цахим орчинд хүчтэй тархсан юм. Бичлэгт корги үүлдрийн нохой “удирдагчийн” үүрэг гүйцэтгэж, бүгд байгаа эсэхийг үе үе эргэж шалгаж буй нь харагдана. Алтан ретривер (golden retriever) сүргийнхээ хажуу талд явж, аюулгүй байдлыг хянаж байв. Харин цувааны төв хэсэгт хөлөндөө бэртэл авсан герман овчарк доголон алхах бөгөөд бусад ноход түүнийг орхилгүй, хурдаа тааруулан хамт явж байжээ.

Бичлэг хийсэн Лу нохдыг зогсоож, туслахыг хичээсэн боловч тэд түүний дуудлагыг огт анзааралгүй, зөвхөн урагшаа тэмүүлж байв. Улмаар тэрээр бичлэгийг цахим орчинд байршуулж, орон нутгийн засаг захиргаа болон сайн дурынханд ханджээ. Амьтан хамгаалагчид нохдыг эрж хайхдаа дрон хүртэл ашигласан байна.
“Тэд яг л нэг цул баг мэт харагдаж байсан. Золбин ноходтой огт адилгүй, маш сахилга баттай байсан” хэмээн Лу ярьжээ.
3 дугаар сарын 19-ний өдөр долоон нохой бүгд эзэддээ эсэн мэнд очсон тухай мэдээлэл ирэв. Нохдын эзэд ийм гайхалтай төгсгөл ирнэ гэдэгт итгээгүй байсан бөгөөд хайртай амьтад нь өөрсдөө гэрийнхээ хаалгыг маажиж байхыг хараад шоконд орсон гэнэ. “Махны худалдаачдын золиос бололгүй, эсэн мэнд хүрээд ирсэн нь маш их аз завшаан юм” гэж хоёр нохойны эзэн сэтгэгдлээ хуваалцжээ.
Энэхүү түүх цахим орчинд асар их цуурай тарьж, бичлэг нь 230 сая гаруй хандалт авчээ. Хүмүүс нохдын бие биедээ үзүүлж буй тусламж, үнэнч байдлыг бишрэн шагшиж байна. Ялангуяа тэд сул дорой нэгнээ орхилгүй, баг болж чадсан нь энэ түүхийг онцгой болгожээ.
Хятадад нохой хулгайлах нь эрүүгийн гэмт хэрэг боловч иймэрхүү тохиолдол гарсаар байгаа юм. Махны худалдаачид зардал хэмнэх үүднээс айлын тэжээвэр болон золбин нохдыг ийнхүү хулгайлах тохиолдол гардаг байна.