Хүн аварч, амь үрэгдсэн баатар нохой Бруног санаатайгаар хордуулсан хэрэгт Италичууд бухимдалтай байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хүн аварч, амь үрэгдсэн баатар нохой Бруног санаатайгаар хордуулсан хэрэгт Италичууд бухимдалтай байна

Есөн хүний амийг аварч, үндэсний баатар хэмээн үнэлэгдэж байсан Италийн үнэрч нохой Бруно санаатай хордуулсны улмаас нас баржээ. Долоон настай энэхүү нохойг хадаас шигтгэсэн зайдасаар хордуулсан бөгөөд үүнийг түүний сургагч Арканжело Каресса олон нийтэд мэдээлэв.

Бруно бол Италийн онцгой аврах албаны гол цөм, эрэлч нохой бөгөөд түүний гавьяаг үнэлж, Ерөнхий сайд Жоржа Мелони төрийн хүндэт өргөмжлөл гардуулж байжээ. Харамсалтай нь, түүнийг санаатай хордуулсан энэ хэрэг улс орон даяар шуугиан дэгдээгээд байна.

Ерөнхий сайд Мелони уг хэргийн талаар “бузар булай, хулчгар, байж боломгүй” хэмээн тодорхойлж, “хийсэн бүхэнд тань баярлалаа” хэмээн Бруног хүндэтгэн сошиал хуудсаар мэдэгдэл хийжээ.

Сургагч Арканжело Карессагийн хэлснээр, Бруногийн амийг тасалсан этгээд хууль бус нохойн тулааны бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй аж. Энэ нохой тухайн гэмт хэргийн бүлэглэлд хохирол учруулсан учир өшөө авалт үйлдсэн байх магадлалтай гэж тэр үзэж байна.

Каресса өөрийн сошиал хуудсанд “Чи бүх амьдралаа хүмүүсийг аврахад зориулсан. Гэтэл чи одоо тэр хүмүүстээ хорлогдлоо. Чи үргэлж миний баатар хэвээр байх болно” хэмээн бичжээ.

Италийн прокурорын байгууллага, цагдаагийн алба хамтран мөрдөн шалгалтыг эхлүүлжээ. Нохойн амийг санаатайгаар хөнөөсөн хэргийг яаралтай илрүүлж, хариуцлага тооцохыг иргэд шаардаж байгаа юм.

Түүнчлэн амьтны эрхийн хамгаалагч, парламентын гишүүн Микела Витториа Брамбилла “Бруногийн амийг тарчилган зовоож хордуулсан этгээдийг шинээр батлагдсан хуулийн дагуу хариуцлагад татах ёстой” хэмээн мэдэгдэв. Энэхүү хуульд зааснаар амьтныг санаатайгаар тарчлан хөнөөсөн тохиолдолд дөрвөн жилийн хорих ял, 60,000 еврогийн торгууль оногдуулна.

Хэрэгтэй холбоотой мэдээллээр Бруно удаан хугацаанд шаналсны эцэст дотуур цус алдан нас барсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь санаатай, хорсолтой үйлдэл болохыг илтгэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment