“Black Sabbath” хамтлагийн гоцлол дуучин, реалити шоуны од Оззи Осборн 2025 оны 7-р сарын 22-ны Мягмар гарагт 76 насандаа таалал төгсжээ. Түүний гэр бүл “CNN” агентлагт өгсөн мэдэгдэлдээ: “Бидний хайрт Оззи Осборн өнөө өглөө нас барсныг дуулгахад үгээр хэлшгүй хүнд байна. Тэрээр эцсийн мөч хүртлээ гэр бүлтэйгээ хамт байсан бөгөөд хайраар бялхаж байсан. Гэхдээ энэ хэцүү цаг мөчид манай гэр бүлийн хувийн орон зайг хүндэтгэхийг хүсье” гэжээ.
Осборны нас барсан шалтгааны талаар гэр бүлээс тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Саяхан тэрээр төрөлх Английн Бирмингэм хотдоо “Black Sabbath” хамтлагтайгаа эргэн нэгдэж, салах ёсны тоглолтоо хийсэн. Энэ тоглолт түүний амьдралын сүүлийн тайзны мөч болно гэдгийг хэн ч таамаглаагүй юм. “Black Sabbath” хамтлаг 20 жилийн дараа анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу басс гитарчин Гизер Батлер, бөмбөрчин Билл Уорд, гитарчин Тони Иомми нарын хамт “Back to the Beginning” нэртэй тоглолтыг зохион байгуулсан. Хамтлагийн албан ёсны вэб сайтад уг тоглолтыг Осборны “эцсийн нум” буюу тайзнаас буух сүүлийн үйлдэл хэмээн тодорхойлжээ.
“Харанхуйн Ханхүү” гэдэг хочоороо алдаршсан Осборн нэгэн удаа тоглолтын үеэр сарьсан багваахайн толгойг хазаж, үзэгчдийн өмнө түүхий мах шидэж, согтууруулах ундааны нөлөөнд тайзан дээр гарсан зэрэг зэрлэг үйлдлээрээ олонд танигдсан. Зарим шашны төлөөлөгчид түүнийг “чөтгөрийг шүтэгч” хэмээн буруушааж байсан ч металл болон рок хөгжмийн шүтэн бишрэгчдийн хувьд Осборн өвөрмөц авьяас, нөлөөгөөрөө хүндлэгдсэн хүн байв. Тэрээр хожим “The Osbournes” реалити шоунд оролцож, гэр бүлийн өдөр тутмын амьдралаа харуулсан нь дэлхий даяар алдартай болж, олон улсын үзэгчдийг байлдан дагуулсан хоёр дахь карьераа эхлүүлсэн юм.
Түүний сүүлийн тоглолтын онцлох мөчүүдийг таалан сонирхоорой.