Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой

Ойрхи Дорнод болон Персийн булангийн бүс нутагт үүсээд буй геополитикийн тогтворгүй нөхцөл байдлаас шалтгаалан Азийн хүндийг өргөлтийн холбоо түүхэн шийдвэр гаргалаа. Ирэх тавдугаар сарын 12-17-ны өдрүүдэд Энэтхэг Улсын Гандинагар хотноо зохион байгуулахаар товлогдсон байсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ийнхүү хойшлуулахаар болоод байна.

Хэдийгээр тэмцээний тов өөрчлөгдсөн ч Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилтаа тасралтгүй үргэлжлүүлсээр байгаа юм. Дасгалжуулагч Ч.Мартын удирдлагад тивдээ хүч үзэхээр бэлтгэж буй бүрэлдэхүүн болон шүүгчдийн мэдээллийг танилцуулбал:

  • Оролцох тамирчид: Б.Хонгорзул (63 кг), Г.Чинболор (+86 кг), И.Амарсанаа (79 кг), У.Мөнхбаяр (88 кг).
  • Шүүгчдийн баг: Олон улсын II зэрэглэлийн шүүгч О.Баярцэцэг, Б.Гантулга болон олимпын зэрэглэлийн шүүгч, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Одгэрэл нар тэмцээнийг дэнслэхээр томилогджээ.

Одоогийн байдлаар үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн болох Б.Энхжин, Л.Болортуяа, Б.Хонгорзул, Г.Чинболор, И.Амарсанаа, У.Мөнхбаяр, О.Оюунжаргал болон Б.Отгонтуул нар Архангай аймгийн “АРА арена”-д нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байна. Харин залуучуудын шигшээ багийнхан дасгалжуулагч Г.Анужингийн удирдлагад нийслэл хотод тусдаа бэлтгэлээ базааж байгаа аж.

Тэмцээний шинэчилсэн тов хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байгаа ч манай тамирчдын хувьд бэлтгэл сургуулилтаа алдагдуулахгүй байхыг чухалчилж байна. Бүс нутгийн нөхцөл байдал намжсаны дараа Азийн холбооноос дараагийн товыг албан ёсоор зарлах хүлээлттэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй