Table of Contents
2025 оны зургадугаар сарын 28-29-нд нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдрийг тохиолдуулан “Хүрээ цам–Даншиг наадам 2025” шашин, соёлын их наадмыг Хүй долоон худагт өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулна. Энэ жилээс эхлэн нийслэлийн өдөр, Даншиг наадмыг нэгтгэн зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд соёл, шашин, спорт, аялал жуулчлал хосолсон олон талт арга хэмжээнүүд болно.
Цамын ёслолд 120 гаруй цамчин оролцоно
Наадмын гол онцлог болсон цам харайх ёслолд 120 гаруй цамчин оролцоно. Очирваань бурхан, Цагаан өвгөн, дөрвөн дагшин уулын эзэд зэрэг бэлгэдлийн дүрүүдээр амилуулж, дотоод сэтгэл, гэгээрлийг илэрхийлнэ. Үзүүлбэрүүд нь хортон ад зэтгэрийг дарж буйг уран хөдөлгөөнөөр илэрхийлдэг бөгөөд соёлын үнэт өвийг таниулах, гадаадын жуулчдын анхаарлыг татахад чиглэнэ.
Шашны тахилгат зан үйлүүд
Наадмын өмнөх өдөр буюу зургадугаар сарын 27-нд Улаанбаатар хотын шүтээн дөрвөн хайрхны тахилга ёслол болно. Богдхан, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх хайрханыг тайх энэхүү ёслолд сүм хийдүүд цан хэнгэргээ дэлдэн, ном хурж, буян үйлдэнэ.
Үндэсний спорт, урлаг, уламжлалт тоглолтууд
Наадмын үеэр 256 бөхийн барилдаан, хурдан морь, жороо морины уралдаан, шагай, сур, морьт харвааны тэмцээн, сээр цохих уралдаан зэрэг спортын арга хэмжээнүүд болно. Мөн есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” тоглолт, үндэсний хувцасны үзүүлбэр, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулна.
Худалдаа, үйлчилгээний 120 цэг ажиллана
Наадмын талбайг найман бүсэд хуваан худалдаа, үйлчилгээ, хоол хүнс, гар урлал, хүүхдийн тоглоомын талбай зэргийг байршуулна. 120 цэгт зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчид ажиллах бөгөөд ил задгай худалдааг хориглоно.
- A, H: Соёлын болон хүндэтгэлийн гэрүүд
- B: Хүнсний үзэсгэлэн, холбоод
- C, D: Худалдаа, хоол үйлдвэрлэл
- E: Фүүд трак
- F, G: Хүүхдийн тоглоом, хуурайлах өрөө
Тээвэр, хөнгөлөлттэй үйлчилгээ
07:00–23:00 цагийн хооронд “Төв цэнгэлдэх–Яармаг–Хүй 7 худаг”, “МУБИС–Хүй 7 худаг” чиглэлд 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг хүртэл өдөрт гурван удаа галт тэрэг аялах бөгөөд цааш нийтийн тээврээр наадмын талбайд хүргэх зохицуулалт хийгдсэн.
Шашин, соёлын гүн гүнзгий утга агуулга
Наадмын хүрээнд Очирваань бурхан, Их эзэн Чингис хааны тахилга, балин тосон урлал, унзад лам нарын ур чадварын уралдаан, мэтгэлцээний тэмцээн, соёмбот туг залах зэрэг Монголын шашин, соёлын зан үйлийг сэргээх, түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээнүүд зохиогдоно.
2 комментария
Ийм сайхан наадмыг жил бүр зохион байгуулаасай. Сэтгэл тайвширдаг шүү
Долоон Худгийн байгальтай хосолсон наадам гэж сонсоод их догдолж байна!