Грекийн Засгийн газар даваа гарагт хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хянах, цахим платформ болон нийгмийн сүлжээнд насны баталгаажуулалт хийх зорилготой “Kids Wallet” нэртэй гар утасны аппликейшнийг танилцууллаа. Энэ аппликейшн нь эцэг эхчүүдэд хүүхдүүдийн цахим орчинд өнгөрүүлэх цагийг хянах, зөвшөөрөлгүй аппликейшн болон цахим хуудсанд хандахаас урьдчилан сэргийлэх хэрэгсэл болж байгаа юм.
Грекийн Цахим засаглалын сайд Димитрис Папастергиу шинэ цахим хэрэгслийг танилцуулахдаа “Бид эцэг эхчүүдэд хүүхдүүдээ цахим орчинд хамгаалах хүчирхэг хэрэгсэл өгч байна” гэж хэлсэн. Түүнчлэн, Грек улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакис гэр бүлүүдийн хоорондох харилцааг сайжруулахын чухлыг онцлоод “Зоогийн газарт эцэг эх, хүүхдүүд бүгд утсаа ширтэн сууж байгааг хараад тэд хоорондоо яриа өрнүүлдэггүй нь их сонин” гэж ярьжээ.
“Kids Wallet” апп нь зөвхөн сайн дурын үндсэн дээр ашиглагддаг бөгөөд насны хязгаар 15-тай тогтоогдсон. Энэхүү програм нь дэлхий даяар олон жилийн турш худалдаанд гарсан ижил төстэй хязгаарлагч аппликейшнүүдтэй өрсөлддөг боловч засгийн газраас гаргасан хувилбар нь онцгой ач холбогдолтой. Австрали улс өнгөрсөн онд хүүхдүүдийн нийгмийн сүлжээнд нэвтрэх эрхийг 16-аас дээш насны хүмүүст хязгаарласан хууль баталсан бол Грекийн апп нь нэгэн шинэ шийдэл болж байгаа юм.
“Kids Wallet” аппликейшн нь төрийн үйлчилгээний платформтой нэгтгэгдэж, татвар төлөх, хүнд суртлыг арилгах зэрэг үйлчилгээнд ашиглагддаг бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан цахим танилт нэвтрэлтийг дэмждэг. Энэ аппийг хүүхдэдээ гар утсаар суулгасны дараа эцэг эхчүүд цахим бүртгэлээрээ хүүхдийнхээ хаяг үүсгэж, аль аппликейшн, цахим хуудсанд хандах болон өдөрт хэр их цаг зарцуулахыг тохируулж чадна. Мөн энэ хаягаар дамжуулан нас баталгаажуулах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд насанд хүрээгүй хүүхдэд “дижитал үнэмлэх” үүсгэдэг.
Грекийн KMOP судалгааны байгууллага 2024 онд 9-12 насны хүүхдүүдийн 76.6% нь хувийн төхөөрөмжөөр интернэтэд холбогддог, 58.6% нь өдөр бүр нийгмийн сүлжээ ашигладаг, 22.8% нь зохисгүй агуулга бүхий контент үздэг гэсэн дүн гаргасан байна. Энэ апп нь хүүхдүүдийн цахим хамгаалалтыг бэхжүүлэх тухай Европын Холбооны төлөвлөгөөтэй нийцэж байгаа юм.