Сүүлийн үед цахим орчинд “Европын тэтгэврийн шинэ платформ Монголд нээгдлээ”, “Хүн бүр 10 сая төгрөг авах боломжтой боллоо” гэх мэт худал, залилангийн шинжтэй мэдээлэл ихээр тархаж байгаа тул Кибер аюулгүй байдлын зөвлөлөөс иргэдийг болгоомжтой байхыг уриалж байна.
Эдгээр мэдээллийн дийлэнх нь сэжигтэй линк агуулсан байх бөгөөд тэдгээрт дарах нь таны хувийн мэдээлэл, банкны нэвтрэх эрх, нууц үг, дансны мэдээлэл алдагдах өндөр эрсдэл дагуулдаг.
ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ:
- Итгэхэд хэцүү өндөр амлалтад хууртахгүй байх. Ялангуяа бодит бус мөнгөн дүнтэй, итгэл төрөхгүй мэдээнд болгоомжтой хандах шаардлагатай.
- Танихгүй, сэжигтэй линк дээр дарахгүй байх. Танд мессеж, цахим шуудан, чат зэрэг сувгаар ирсэн үл мэдэгдэх холбоос таны мэдээллийг хулгайлах зорилготой байж болзошгүй.
- Нууц үгээ бусдад хэзээ ч бүү хэл. Хууль ёсны байгууллагууд таны нууц үг, картын мэдээллийг хэзээ ч асуухгүй.
- Зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авах. Тэтгэврийн сан, банк, төрийн байгууллагын вэбсайт, баталгаатай сошиал хуудсаар дамжуулан мэдээллээ нягталж шалгах нь зүйтэй.
Ийм төрлийн залилан нь зөвхөн эдийн засгийн хохирол учруулаад зогсохгүй, иргэдийн хувийн мэдээлэл, цахим орчны аюулгүй байдалд ноцтой занал учруулж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
1 comment
Тэдний анхааруулж байгаа нь сайн хэрэг — эмээ маань ийм сурталчилгаанд итгэдэг байх