Хятадын цахим худалдааны платформууд дээр үйлдвэрлэлийн явцад алдаа гарч, амыг нь “уруу харуулан” оёсон гунигтай төрхтэй чихмэл морь асар их нэр хүндийг аваад байна. БНХАУ-ын Жэжян мужийн Иү хотын үйлдвэрүүд зах зээлийн эрэлтийг хангахын тулд өдөрт 15,000-аас 20,000 хүртэлх тооны ийм тоглоомыг үйлдвэрлэж байгаа ч захиалга ихэссээр байгаа аж.
“Уйланхай морь” буюу Кукума
Ирэх “Улаан Гал морь” жилийн бэлгэдэл болгон зохион бүтээсэн уг тоглоомыг интернэт хэрэглэгчид “Кукума” буюу “Уйланхай морь” гэж нэрлэжээ. Хятадын залуу мэргэжилтнүүд болон оффисын ажилтнууд уг тоглоомын ядарсан, аргаа барсан мэт боловч тэвчээртэй төрхийг өөрсдийн ажил дээрх нөхцөл байдалтайгаа адилтган хүлээн авч байгаа нь ийм өндөр борлуулалттай байх гол шалтгаан болж байна. Хэрэглэгчид үүнийг “дотроо ядарч туйлдсан ч гаднаа тайван харагдах” хөдөлмөрч хүний бодит дүр зураг хэмээн тодорхойлсон байна.
Санамсаргүй алдаанаас патент хүртэл
Уг тоглоом нь анх инээмсэглэж буй морь байх ёстой байсан ч нэгэн ажилтан амыг нь андууран уруу харуулж оёсноос үүдэлтэй алдаатай бүтээгдэхүүн байжээ. Үйлдвэрийн эзэн Чжан Хоцин үүнээс бизнесийн боломж олж харан, үйлдвэрлэлийн шугамаа 2-оос 10 гаруй болгон нэмэгдүүлж, уг загварт патент авахаар хүсэлт гаргаад байна. Хятадын уламжлалт цагаан сарын Гал морь жил 2026 оны 2 дугаар сарын 17-нд эхлэх бөгөөд уг тоглоом нь баярын хамгийн эрэлттэй бэлэг болоод байгаа юм.
Хятадад алдаатай бүтээгдэхүүн алдартай болох тохиолдол өмнө нь ч гарч байсан. Жишээлбэл, 2025 онд “Лабубу” тоглоомын хуурамч буюу дефекттэй хувилбаруудыг хүмүүс “Лафуфу” хэмээн нэрлэж, тэдгээрийн өвөрмөц, хачин төрхийг нь таашаан худалдан авч байсан түүхтэй.