АНУ-ын зарим оршин суугчид Хятадын амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлж эхэлсэн бөгөөд энэ нь Америкчуудын хувьд улам бүр сонирхолтой болсоор байна. Энэ талаар Business Insider сэтгүүлийн мэдээллээс эш татан Medee.news сайт уламжлав.
Тус хэвлэлд мэдээлснээр, зарим Америкчууд халуун ус уух, Хятадын уламжлалт хөгжмийн аянд “Цигун” (Qi Gong – бие болон амьсгалын дасгалын систем) дасгал хийж буй видео бичлэгээ цахим орчинд хуваалцах болжээ. Мөн сүлжээний хэрэглэгчид “Конжи” (Congee – тутарганы зутан) идэж, Хятадын уламжлалт анагаах ухааны зан үйлийг дагаж буй бичлэгүүдээ идэвхтэй нийтлэх болсон байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, энэхүү үзэгдэл нь Америкийн залуу үеийнхний Хятад улсыг үзэх үзэл бодолд томоохон өөрчлөлт орж буйн илрэл юм.
Тухайлбал, зөвлөх үйлчилгээний компанийн судалгааны захирал Эллисон Мальмстен тэмдэглэхдээ, АНУ-д TikTok-ийг хориглох тухай асуудал яригдах үед хэрэглэгчид Хятадын “Xiaohongshu” платформ руу “олноор нүүсэн” нь энэ трэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэв. Тэр үед Америк залуус Хятадын өдөр тутмын амьдралын талаар илүү бодит ойлголттой болсон байна. Шинжээч нэмж хэлэхдээ, одоо Хятадын соёл улам бүр “маш сонирхолтой, өвөрмөц” зүйл гэж хүлээн зөвшөөрөгдөх болсныг онцолжээ.