Дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч Хятадын “BYD” компани “Формула-1” болон “Дэлхийн тэсвэр шалгах уралдаан” (WEC) зэрэг нэр хүндтэй авто спортын тэмцээнүүдэд хүч үзэх боломжийг судалж байна. “Bloomberg” агентлаг энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжуудаас иш татан мэдээллээ.
BYD компани Хятадаас гаднах борлуулалт нь эрчимтэй өсөж байгаа энэ үед дэлхийн уралдааны талбарт гарах хэд хэдэн хувилбарыг авч үзэж байгаа аж. Ялангуяа авто спорт гибрид хөдөлгүүрт шилжиж байгаа нь батерей болон цахилгаан мотор үйлдвэрлэлээр мэргэшсэн тус концернд томоохон давуу тал болно гэж үзэж байна.
Төлөвлөгөөний хүрээнд “Ле-Ман 24 цаг” уралдааныг багтаасан тэсвэр шалгах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд авто спортын оргил болох “Формула-1”-д оролцох хүртэлх хувилбарууд яригдаж байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэхдээ өөрийн гэсэн уралдааны бүтцийг шинээр байгуулах эсвэл бэлэн байгаа багийг худалдаж авах замаар орж ирж магадгүй байна.
Гэвч “Bloomberg”-ийн эх сурвалжуудын онцолж буйгаар, хамгийн том саад бол асар их зардал юм. “Формула-1”-ийн болид бүтээх болон нэг улирлын уралдааны үйл ажиллагаанд ойролцоогоор 500 сая ам.доллар зарцуулагддаг байна.
Нөгөө талаас Олон улсын автомашины холбооны (FIA) ерөнхийлөгч Мохаммед бен Сулайем Хятадын үйлдвэрлэгчийг хүлээн авахад бэлэн байгаагаа удаа дараа мэдэгдсэн. Тэрээр “Cadillac” брэнд орсны дараа Хятадын томоохон үйлдвэрлэгч нэгдэх нь зүй ёсны алхам болно гэж үзэж байна.