Хятадын баруун хойд хэсэгт орших Чилиан уулсын бүсэд шинэ параплан төхөөрөмж туршиж байсан 55 настай Пэн Южян гэнэтийн агаарын урсгалд автсаны улмаас далайн түвшнээс 8,500 метрийн өндөрт хөөрч, хүчилтөрөгчийн дутагдал, хэт хүйтэн орчин дунд олон минут өнгөрүүлсний эцэст амьд үлдсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ.
Энэ ховор тохиолдол Бямба гарагт болсон бөгөөд эхэндээ Пэн 3,000 метрийн өндөрт төхөөрөмжөө туршиж байжээ. Гэвч “үүл сорох” хэмээх агаарын хүчтэй босоо урсгал түүнийг 5,000 метрээс дээш хөөргөсөн байна. Улмаар тэрбээр Эверестийн оргилоос (8,849 м) багахан доогуур, 8,500 метрийн өндөрт хүрсэн нь агаарын даралт болон хүчилтөрөгчийн хэмжээ маш бага бүсэд орсныг илтгэж байна.
Түүний төхөөрөмжид суурилагдсан камерын бичлэгт нүүр, биен дээр нь мөс тогтсон байдал нь тод харагддаг. Сүүлд бичлэгийг Хятадын сошиал сүлжээнд нийтэлж, олон нийтийг цочирдуулаад байна.
Пэн өөрөө энэ тухай “Аймшигтай байсан. Бүх зүйл цасан цагаан. Луужингүй бол хаана яваагаа ч ойлгохгүй байлаа. Би шулуун нисч байна гэж бодсон ч үнэндээ нэг газраа эргэлдэж байсан юм” хэмээн өгүүлжээ.
Тийм өндөрт хүрэхэд хүчилтөрөгчийн дутагдалд орж, -40 градус хүртэл хүйтэнтэй тулгарах аюултай нөхцөл үүсдэг. Дөрвөн жилийн турш параплан ашиглаж буй тэрбээр газарт буухдаа ухаан алдсан байжээ.
Хэдийгээр Пэн нислэг хийх төлөвлөгөөгүй байсан бөгөөд зөвхөн газар дээр туршилт хийж байснаа тайлбарласан ч хүчтэй салхи түүнийг хөөргөсөн гэж мэдүүлсэн байна. Хятадын холбогдох байгууллагууд болсон явдлын мөрөөр шалгаж, зөвшөөрөлгүй нислэг хийсэн хэмээн түүнийг зургаан сарын хориг тавих шийтгэл оноожээ.