Хятадын сансрын хөлөг орбитын хогны мөргөлтөд өртөж, эргээд дэлхий рүү буцах боломжгүй болоод байна.
«Шэньчжоу-20» нислэгийн баг танихгүй объект капсулд цохилт өгсний дараа орбит дээр гацсан гэж Mirror мэдээлжээ.
Капсул дээр Чэнь Дун, Чэнь Жунжуй, Ван Зэ нарын астронавтууд байсан бөгөөд тэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш «Тяньгун» станц дээр шинжлэх ухааны туршилтууд хийж байгаа. Албан ёсны мэдээллээр бол капсул орбитын хог хаягдлын хэсэгтэй мөргөлдсөн гэж урьдчилсан дүгнэлт гарчээ. Инцидентийн дараа 11-р сарын 5-нд болох ёстой буцах нислэгийг хойшлуулсан.
Одоогоор мэргэжилтнүүд гэмтлийн хэмжээг үнэлж, засварыг орбит дээр хийх боломжтой эсэхийг судалж байна. Эргэх нислэгийг хэзээ сэргээх нь тодорхойгүй хэвээр байна.
Сансрын судлаачид энэхүү осол дахин нэг удаа сансрын орчинд эргэлдэж буй хог хаягдлын аюулыг анхааруулж байна. Дэлхийг тойрон 28 мянган км/ц-ээс дээш хурдтай нисэж буй эдгээр объектуудын тоо огцом өсөж байгаа.
Ноттингем Трентийн их сургуулийн доктор Иэн Уиттакерийн хэлснээр, орбит дээр гэрийн утасны хэмжээтэй 36 мянгаас илүү объект байна. Эдгээрийн аль ч нэг нь астронавтын амь насанд заналхийлж, тоног төхөөрөмжийг сүйтгэж болзошгүй. Тэр SpaceX зэрэг компаниудад орбитын хог хаягдлыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэхийг уриалжээ.