БНСУ-ын Инчон олон улсын нисэх буудлын үйлдвэрчний эвлэлээс маргааш буюу есдүгээр сарын 19-нд ажил хаялт хийхээ албан ёсоор мэдэгдэв. Тус ажил хаялтад ойролцоогоор 600 ажилтан оролцох бөгөөд байгаль орчны цэвэрлэгээ, зорчигч тээврийн үйлчилгээ, автобус үйлчилгээ, зам тээвэр болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд нөлөөлөхөөр байна.
Нисэх буудлын удирдлагууд нислэгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж мэдэгдсэн ч зорчигч бүртгэл, хилээр нэвтрүүлэх шалгалт, ачаа тээшийн үйлчилгээ зэрэгт саатал, хүндрэл гарах магадлалтайг онцоллоо. Иймээс МИАТ ТӨХК-оос Сөүл–Улаанбаатар чиглэлийн ОМ302 нислэгийн зорчигчид хуваарьт цагаас гурваас дөрвөн цагийн өмнө буудалд ирж, бэлтгэлээ хангахыг зөвлөжээ.
Ажил хаялт зам тээвэр болон чөлөөт бүсийн үйлчилгээнд өглөө есөөс орой арван найм цаг хүртэл, зорчигчдын терминалын мэдээлэл, зөвлөгөөний үйлчилгээнд өглөө зургаагаас орой арван найм цаг хүртэл үргэлжлэх юм. Харин байгаль орчны цэвэрлэгээ есдүгээр сарын 19-ний өглөөний таван цаг гучаас эхлэн есдүгээр сарын 20-ны өглөөний долоон цаг гуч хүртэл үргэлжлэхээр төлөвлөгджээ.