Apple компанийн домогт дизайнер, “iPhone-ий загварын эцэг” гэгддэг Сэр Жони Айв хиймэл оюуны тэргүүлэгч OpenAI компанитай албан ёсоор нэгдлээ. Энэхүү түүхэн нэгдлийг OpenAI энэ долоо хоногт зарласан бөгөөд Айвын үүсгэн байгуулсан “io” нэртэй стартапыг 6.5 тэрбум ам.доллараар худалдан авсан нь компанийнхаа түүхэнд хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт болж байна.
OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн энэ тухайд “Дэлхийн хамгийн аугаа дизайнертай хамтарч, хиймэл оюунаар дэмжигдсэн шинэ үеийн компьютер бүтээх гэж байгаадаа баяртай байна” хэмээн онцолжээ. Цаашид Жони Айв OpenAI-ийн дизайн, уран бүтээлийн бүх ажлыг удирдах болж байгаа бөгөөд түүний багийн гаргасан шинэ төхөөрөмжийн загварыг Сэм Олтмэн “урьд өмнө хэн ч харж байгаагүй гайхамшигт бүтээл” гэж тодорхойлсон байна.
Айв 27 жилийн турш Apple-д ажиллаж, iMac, iPod, iPhone, iPad зэрэг бүтээгдэхүүний дизайныг гаргасан нэгэн. Тэрээр 2019 онд Apple-ийг орхиж, LoveFrom нэртэй загварын студи байгуулсан бөгөөд Airbnb, Moncler зэрэг дэлхийн алдартай брэндүүдтэй хамтран ажиллаж байв. Сүүлийн хоёр жилд Айв OpenAI-тай нууц хэлбэрээр хамтарч байсныг тэрбээр баталсан бөгөөд энэ хамтын ажиллагаан дээр үндэслэн “io” компанийг үүсгэн байгуулжээ.
Жони Айв 2012 онд Их Британийн Хатан хааны ордноос “сэр” хэргэм хүртэж байсан бөгөөд технологийн ертөнцөд өөрийн хувь нэмрийг үлэмж хэмжээгээр оруулсан нэгэн гэдгийг Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк онцлон дурдаж байв.
OpenAI-ийн хиймэл оюуны программ хангамжууд амжилттай хөгжиж байгаа ч, тэдний тоног төхөөрөмжийн чиглэлд ахиц муутай байгааг шүүмжлэгчид хэлдэг. Харин Айвын нэгдсэнээр энэхүү сул талыг нөхөж, технологийн хардвэйрийг шинэ түвшинд хүргэх томоохон алхам болно гэж ажиглагчид үзэж байна.