Иран АНУ болон Израилын эсрэг “довтолгооны ажиллагаа” эхлүүлснээ зарлалаа: Трамп хариу цохилт өгөхөө анхааруулав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments

Гуравдугаар сарын 1-ний ням гарагт Ираны Исламын хувьсгалт гвардын корпус (IRGC) Израил болон Ойрхи Дорнод дахь “Америкийн террорист баазуудын” эсрэг “Исламын Бүгд Найрамдах Улсын түүхэн дэх хамгийн том сүйрэлт довтолгооны ажиллагааг” эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.

Энэ талаар Al Jazeera болон Iran International агентлагууд мэдээлэв. Ираны тал цохилтуудаа бүс нутаг дахь “эзлэгдсэн газар нутаг болон АНУ-ын цэргийн баазууд” руу чиглүүлнэ гэдгээ нэмж дурдсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дэглэмийг энэхүү төлөвлөгөөгөө зогсоохыг уриалаад, хэрэв халдлага үйлдвэл “маш хүчтэй” хариу цохилт өгөхөө анхаарууллаа. “Иран саяхан урьд өмнөхөөсөө илүү хүчтэй цохилт өгнө гэж мэдэгдлээ. Гэвч тэд үүнийг хийхгүй байсан нь дээр. Хэрэв тэд халдвал бид тэднийг урьд хожид үзэгдээгүй хүчээр цохих болно” гэж Трамп Truth Social сүлжээндээ бичжээ.

довтолгооны ажиллагаа

Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Ираны дээд удирдагч Али Хаменейг нас барсан гэх мэдээллийг нийтэлсэн юм.

АНУ болон Израилын Ираны эсрэг цэргийн ажиллагаа

Хоёрдугаар сарын 28-нд Израил улс Ираны нийслэл Тегеран хотод агаараас цохилт өгсөн. Үүний дараа Ерөнхийлөгч Дональд Трамп “Ираны дэглэмийн зүгээс ирж буй аюул заналыг арилгах” зорилгоор АНУ-ын зэвсэгт хүчин “байлдааны томоохон ажиллагаа” эхлүүлснийг зарласан юм. Тэрээр Ираны эрх баригчдыг Сири, Ливан, Ирак болон ХАМАС бүлэглэлийн дайчдыг санхүүжүүлж, сургаж байна гэж буруутгав. Трампын хэлснээр, цэргийн ажиллагааны зорилго нь Ираны пуужингийн үйлдвэрлэл, флотыг устгах, бүс нутгийг тогтворгүй болгох боломжийг хаах явдал аж.

Хариуд нь Ираны Хувьсгалт гвардын корпус Израил руу пуужин болон дрон харваснаас гадна Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улс дахь АНУ-ын цэргийн баазууд руу халдсанаа мэдэгдээд байна.

Энэхүү хурцадмал байдалтай холбогдуулан Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг уриаллаа. Европын Холбооны зүгээс Ойрхи Дорнодын аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахын төлөөх “тууштай байр суурьтай” байгаагаа дахин нотолсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй