Иран: Хэрвээ Израиль түрэмгийлэлээ зогсоовол гал зогсооход бэлэн

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Иран

Иран улс Израилийн “хууль бус түрэмгийлэл” үргэлжлэхээ больвол гал зогсоох яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн гэдгээ албан ёсоор зарлалаа. Энэ тухай мэдэгдлийг тус улсын Гадаад хэргийн сайд Аббас Арагчи дөнгөж сая олон нийтэд хийсэн байна.

Аббас Арагчи өөрийн мэдэгдэлдээ гал зогсоох боломжтой цагийг орон нутгийн цагаар өглөөний 04:00 гэж тодорхойлон дурджээ. Түүний энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тайлбараас ердөө хэдхэн цагийн дараа хийгдсэн нь олон улсын анхаарлыг татаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Израиль болон Ираны хооронд “мөргөлдөөн бүрэн зогсох тохиролцоонд хүрсэн” хэмээн мэдэгдсэн ч уг тохиролцоог аль ч тал батлаагүй, албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.

Сүүлийн 12 хоногийн туршид үргэлжилж буй мөргөлдөөний хүрээнд олон зуун хүний амь нас хохирсон тухай хоёр тал өөр өөр мэдэгдэл хийсээр байна. Ираны зүгээс мэдээлснээр, Израилийн явуулсан довтолгооны улмаас нийт 400 гаруй хүн амиа алдаж, 3,000 гаруй иргэн шархадсан байна. Эдгээрийн дунд 13 хүүхэд багтжээ. Харин Израиль улс Ираны хариу ажиллагаанд 24 хүн амь үрэгдсэн гэж мэдээлж байгаа юм.

Мөргөлдөөн хурцадсан шөнө Иран улс Катар дахь АНУ-ын цэргийн бааз руу пуужин харвасан. Тус ажиллагаа нь АНУ-ын Ням гарагт явуулсан цөмийн байгууламжийн бөмбөгдөлтөд хариу болгосон алхам байсан гэдгийг Ираны эрх баригчид онцолж байна.

Хэдийгээр улс төрийн түвшинд яриа хэлэлцээ хийх оролдлого гарч байгаа ч талуудын зөрчил үргэлжилсээр байгаа нь дайн зогсоох тухай ямар ч тохиролцоонд одоогоор бүрэн итгэх боломжгүйг харуулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment