Сүүлийн үед Иран, Израилийн хоорондын хурцадмал байдал дэлхийн эрчим хүчний зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж, газрын тосны үнийн огцом өсөлтийг үүсгэж эхэллээ. Брент төрлийн газрын тосны үнэ богино хугацаанд 20 орчим хувиар нэмэгдэж, баррель нь 78 ам.долларт хүрээд байгаа нь геополитикийн эрсдэл газрын тосны үнэд шууд нөлөөлж буйн илрэл юм.
Геополитикийн эрсдэл болон Хормузын хоолой
“Citi” банкны тайлбарласнаар хэрвээ Иран өдөрт 1.1 сая баррель газрын тос экспортлохоо зогсоовол үнэ 78 ам.доллар хүрч болзошгүй бөгөөд 3 сая баррельд хүрвэл 90 ам.доллар давах эрсдэлтэй. Хэрвээ дэлхийн газрын тосны 30 орчим хувийг дамжуулдаг Хормузын хоолой бүрэн хаагдвал баррель тутмын үнэ 120–130 ам.долларт хүрч, дэлхийн эрчим хүчний хомсдол үүсэх өндөр магадлалтай. Хоолойгоор тээвэрлэх зардал ч өсөж, танкерын өдрийн түрээс хоёр дахин нэмэгдсэн нь энэ салбарт шууд дарамт болж байна.
Хязгаарлагдмал мөргөлдөөн ба үнэ тогтвор
Хэрэв зөрчилдөөн хязгаарлагдмал хэмжээнд байвал газрын тосны үнэ 70–80 ам.долларын хооронд хэлбэлзэж, дэлхийн эдийн засагт ноцтой урт хугацааны хор хөнөөл авчрахгүй байх боломжтой гэж шинжээчид таамаглаж байна.
Үнийн өсөлтийн дэлхий дахинд үзүүлэх нөлөө
Газрын тосны үнэ өсөх нь шууд утгаараа инфляцыг хөөргөх бөгөөд Төв банкнууд мөнгөний бодлогоо илүү болгоомжтой хэрэгжүүлэхэд хүргэж байна. Жишээлбэл, Их Британид хэрэглээний үнийн өсөлт 3.4 хувьтай байгаа бөгөөд энэ нь Төв банкны бодлогын хүүг бууруулахад саад болж байна.
Энэтхэг зэрэг эрчим хүч ихээр импортолдог хөгжиж буй орнуудын хувьд энэ өсөлт төсвийн болон гадаад худалдааны алдагдлыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг сааруулах шалтгаан болох эрсдэлтэй. Гэвч үнэ богино хугацаанд өндөр хэвээр хадгалагдахгүй бол энэ нь түр зуурын “шок” төдийд тогтож магадгүй.
Хэн хождог вэ?
Газрын тосны үнэ өсөх нь олборлогч орнууд болон компанид ашигтай. АНУ-ын ExxonMobil, Chevron зэрэг томоохон корпорациуд одоогийн үнээр хангалттай ашигтай ажиллаж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын хувьд эрчим хүчний салбар харьцангуй найдвартай хөрөнгө оруулалтын орон зай болж байна.
Гэсэн ч АНУ дахь шатахууны үйлдвэрлэл нэмэгдэж буй нь үнийн хязгаарлалтад тодорхой хэмжээний буфер үүсгэж магадгүй. Мөн OPEC+ бүлгийн нөөц боломж, Европын сэргээгдэх эрчим хүчний бодлого ч зах зээлд тогтвор бий болгох нөлөөтэй.
Ар гэрт мэдрэгдэх нөлөө
Газрын тосны бөөний үнэ өсөх нь бензин, дизель түлшний үнийн өсөлтөд нөлөөлж болох ч энэ өсөлт шууд, богино хугацаанд хэрэглэгчдэд хүчтэй мэдрэгдэхгүй байж болзошгүй. Эрчим хүчний үнэ нэмэгдэх нь хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн зардал өсөх шалтгаан болдог тул хүнсний барааны үнэ цаашид нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.
Сүүлийн долоо хоногт байгалийн хийн үнэ ч өссөн боловч үнэ хязгаарлах бодлогын үр дүнд энэ өсөлт айл өрхөд шууд нөлөөлөхгүй байж магадгүй гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Төгсгөлд нь
Иран-Израилийн мөргөлдөөн нь дэлхийн эрчим хүчний зах зээлд тодорхойгүй байдал бий болгож, үнийн өсөлт, логистикийн зардал, мөнгөний бодлогын тодорхойгүй байдал зэргээр дамжин дэлхийн эдийн засгийг тогтворгүй болгож мэдэх ч OPEC+, АНУ-ын олборлолт, сэргээгдэх эрчим хүч зэрэг хүчин зүйлс энэ хямралыг тодорхой хэмжээнд хязгаарлаж чадах хөшүүрэг болж байна.