Иран улс “Басиж”-ийн тэргүүн болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргынхаа үхлийг баталлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Али Лариджани

Исламын хувьсгалыг хамгаалах корпус (КСИР)-тай ойр ажилладаг Ираны “FARS” агентлаг “Басиж” бүлэглэлийн командлагч Голамреза Сулейманигийн эмгэнэлийг нийтэлсэн бол Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өөрийн нарийн бичгийн дарга Али Ларижани амиа алдсаныг албан ёсоор баталлаа. Өмнө нь Израилын тал тэднийг устгасан тухайгаа мэдээлээд байсан юм.

Гуравдугаар сарын 17-ны мягмар гарагийн орой дэлхийн томоохон агентлагууд Ираны КСИР-ийн мэдээллээс иш татан, сайн дурын зэвсэгт бүлэглэл болох “Басиж”-ийн командлагч Голамреза Сулеймани амь үрэгдсэнийг мэдээлэв. Үүнтэй зэрэгцэн Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Али Ларижани амиа алдсан болохыг албан ёсоор зарлалаа.

Өмнө нь Израилын Батлан хамгаалах хүчин (ЦАХАЛ) гуравдугаар сарын 16-ны өдөр Тегеранд хийсэн “оновчтой цохилт”-ын үеэр Голамреза Сулейманиг устгасан тухайгаа мэдэгдэж байсан юм. Мөн Израилын Батлангаа хамгаалахын сайд Исраэль Кац Али Ларижаниг агаарын дайралтын үеэр амиа алдсан гэж мэдээлж байсан ч Ираны талаас ийнхүү хэсэг хугацааны дараа баталгаажуулав.

КСИР Голамреза Сулейманигийн үхлийг батлав

КСИР-тэй шууд холбоотой “FARS” агентлаг Голамреза Сулейманиг “нэр төртэйгөөр амь үрэгдсэн” (шахид) хэмээн дурдаж, түүний дурсгалыг хүндэтгэсэн эмгэнэл гаргажээ. Тус байгууллага даргаа алдсаныхаа төлөө заавал өшөө авна гэдгээ мэдэгдсэнийг Германы “dpa” агентлаг дамжуулав. Мөн КСИР-ийн албан ёсны вэбсайтад Сулейманиг “дайснуудын террорист халдлагын золиос болсон” хэмээн тэмдэглэжээ.

“Басиж” нэгж нь Исламын хувьсгалыг хамгаалах корпусын харьяанд ажилладаг бөгөөд дэглэмийн үзэл суртлын хяналтыг тогтоох, дотоод аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Ялангуяа Иранд өрнөдөг засгийн газрын эсрэг жагсаал цуглааныг дарах ажлыг тус нэгж гардан гүйцэтгэдэг байна. Европын Холбооноос КСИР-ийг террорист байгууллагын жагсаалтад оруулсан байдаг юм.

Али Ларижанигийн гүйцэтгэсэн үүрэг

The New York Times сонины мэдээлснээр, Израил болон АНУ-тай хийх дайн эхлэхийн өмнөхөн Али Ларижани Исламын Бүгд Найрамдах Улсын “бодит удирдагч”-ийн үүргийг хүлээж байжээ. Ираны өмнөх Дээд удирдагч Али Хаменей түүнд 2026 оны эхээр өрнөсөн эсэргүүцлийн жагсаалыг дарах болон дайнд бэлтгэх ажлыг даалгаж байсан аж. Түүнчлэн тэрээр Тегераны гол түншүүд болох Орос, Катар, Оман улсуудтай харилцах ажлыг хариуцахаас гадна АНУ-тай хийх цөмийн хөтөлбөрийн хэлэлцээг кураторлаж байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй