Израиль, АНУ-тай хийсэн 12 өдрийн хурц ширүүн мөргөлдөөний дараа Ираны эрх баригчид агаарын хүчээ яаралтай шинэчлэх шаардлагатай болсон тухай тус улсын “Хорасан” сонин мэдээлжээ. Энэ хүрээнд Тегеран Хятадын Chengdu J-10C загварын байлдааны онгоцнуудыг худалдаж авах яриа хэлэлцээг эрчимжүүлсэн байна.
Иран J-10C онгоцонд 20 гаруй жилийн турш сонирхолтой хандаж ирсэн бөгөөд 2015 онд 150 ширхэг онгоц авах гэрээг хийхээр бэлдэж байсан ч төлбөрийн хэлбэр дээр тохиролцож чадаагүйгээс зогсжээ. Ираны тал газрын тос, байгалийн хийгээр төлбөр хийх санал гаргасан бол Бээжин гадаад валютаар тооцоо хийхийг шаардсан байна. Дараа нь НҮБ-ын зэвсгийн хориг гэрээг бүрмөсөн хойшлуулжээ.
Харин 2020 онд хориг цуцлагдсанаар яриа хэлэлцээ дахин эхэлсэн ч онгоцны тоог 36 болгон бууруулсан ч санхүүгийн асуудал дахин саад болсон аж. Гэвч 2025 оны зургаадугаар сарын 24-нд АНУ Хятадад Иранаас газрын тос авахыг албан ёсоор зөвшөөрснөөр бартерын хэлцэл боломжтой болжээ.
12 өдрийн дайны үеэр Ираны хуучирсан нисэх онгоцнууд Израилийн F-35, F-15 онгоцны өмнө хүчин мөхөсдөж, агаарын довтолгооноос хамгаалах системүүд устгагдсан. АНУ ч мөн цөмийн байгууламжуудад нь саадгүй цохилт өгсөн байна.
Одоогийн байдлаар Ираны агаарын хүчинд F-4, F-5, F-14 зэрэг АНУ-ын 1970-аад оны хуучин загварууд, мөн ашиглалтын хүндрэлтэй болсон хэдхэн МиГ-29 онгоц үлдээд байгаа юм. Тэд хамгийн сүүлд ОХУ-аас Су-35 онгоц худалдан авахаар гэрээлсэн ч Украйны дайнтай холбоотойгоор нийлүүлэлт хойшлогдсон.
Харин Хятадын J-10C онгоц нь харьцангуй хямд, нэг бүр нь багцаас хамаарч $60,000-$90,000 хооронд үнэлэгдэж байгаа нь Иранд одоогоор хамгийн боломжит хувилбар болж байна.