Иранд өнгөрсөн Пүрэв гараг буюу 19-ний өдөр гурван залууг цаазаар авсан тухай мэдээлэл гарлаа. Тэднийг өнгөрсөн онд болсон олон нийтийн үймээнд оролцож, цагдаагийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган баривчилсан байв.
Цаазын ялыг Кум хотод гүйцэтгэсэн бөгөөд Салех Мохаммади, Мехди Гасеми, Саид Давуди нарыг дүүжлэн хороосон байна. Хүний эрхийн байгууллагууд уг хэргийг шударгаар шийдвэрлээгүй, тэднээс мэдүүлэг авахдаа хүч хэрэглэсэн байж болзошгүй хэмээн шүүмжилж байгаа юм.
Цаазлагдсан гурван залуугийн нэг болох Салех Мохаммади нь 19 настай бөгөөд Ираны чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багт дуудагдаж байсан тамирчин байжээ. Тэрбээр 2024 онд ОХУ-ын Красноярск хотод болсон олимпын аварга Бувайсар Сайтиевын нэрэмжит тэмцээнд 71 кг жинд хүрэл медаль хүртэж байсан ирээдүйтэй бөхөд тооцогдож байв.
