Бүс нутгийн улс орнуудын байгууламжууд агаарын цохилтод өртсөний дараа Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Ойрхи Дорнодын орнуудын удирдагчдад хандан мэдэгдэл хийсэн байна.
Medee.news агентлагийн мэдээлснээр, уг илгээлтийг тэрээр өөрийн албан ёсны Х (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан нийтэлжээ.
“Найрсаг харилцаатай хөрш орнуудын эрхэм удирдагчид аа, бид та бүхний тусламжтайгаар болон дипломат арга замаар дайн гарахаас зайлсхийхийг хичээсэн. Гэвч Америк-Сионистуудын цэргийн түрэмгийлэл бидэнд өөрийгөө хамгаалахаас өөр сонголт үлдээсэнгүй. Бид та бүхний бүрэн эрхт байдлыг хүндэтгэж байна. Бүс нутгийн амар амгалан байдлыг бүс нутгийн орнууд өөрсдөө хангах ёстой гэсэн байр сууриндаа бид хэвээр байгаа” хэмээн тэрээр онцолсон байна.
Үүнээс өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр АНУ-ын зүгээс бүс нутгийн хурцадмал байдалд өртсөн Ойрхи Дорнодын орнуудыг Ираны эсрэг агаарын цохилт өгөх ажиллагаанд нэгдэхийг ятгаж байгаа тухай мэдээлсэн юм. Гэвч Персийн булангийн орнууд одоогийн байдлаар мөргөлдөөн даамжрахгүй байх, цэргийн ажиллагааг нэн даруй зогсоох тал дээр найдаж байгааг эх сурвалжууд тэмдэглэж байна.