Ням гарагт АНУ-аас Ираны цөмийн байгууламжууд руу агаарын цохилт өгсний дараа олон улсын хамтын нийгэмлэг Тегераны хариу үйлдлийг анхааралтай ажиглаж байв.
Өчигдөр шөнө Иран хариу арга хэмжээ авч, Катар дахь АНУ-ын цэргийн бааз руу пуужин харвасан байна. Энэхүү бааз нь АНУ-ын Ойрх Дорнод дахь хамгийн том цэргийн төв болох Аль-Удейд юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг довтолгоог дорвитой бус хэмээн тодорхойлж, амь эрсдсэн тохиолдол гараагүйг мэдэгджээ.
“Цөмийн байгууламжуудад өгсөн манай цохилтын хариу бидний төсөөлж байсанчлан маш сул байлаа. Хариу довтолгоог бид маш сайн үр дүнтэй няцаасан,” хэмээн Трамп өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.
Тэрбээр Ираны пуужингийн довтолгооны 14 пуужингаас 13-г агаараас сөнөөгч системээр амжилттай устгасан, үлдсэн нэг нь хор хөнөөлгүй чиглэлд ниссэн болохыг тайлбарлажээ.
Мөн Ираны талаас довтолгооны талаар урьдчилан анхааруулсан тул АНУ зүгээс хохирол багатайгаар уг халдлагыг даван туулсан хэмээн талархал илэрхийлсэн байна.
“Хамгийн гол нь тэд системээ бүхэлд нь шавхсан тул цаашид дахин ийм зүйл болохгүй гэж найдаж байна. Бидэнд урьдчилж мэдээлсэн Иранд баярлалаа. Магадгүй Иран одоо бүс нутагтаа энх тайван, эв найрамдал тогтоохын төлөө явах байх. Израиль ч мөн адил ингэвэл би дуртайяа дэмжих болно,” хэмээн Трамп нэмж бичжээ.
Дараа нь тэрбээр “Дэлхий нийтэд баяр хүргэе, энх тайван цаг ирлээ” гэсэн шинэ мэдэгдэл нийтэлжээ.
Энэхүү үйл явдлын дараа:
- Катар болон Персийн булангийн бусад улсууд нисэх орон зайгаа дахин нээсэн.
- Доха дахь АНУ-ын ЭСЯ хоргодох байранд байсан иргэдийг гарч болно хэмээн мэдээлсэн.
Үүсээд байсан хурцадмал нөхцөл байдал намжиж эхэлсэнтэй холбогдуулан Дональд Трамп сүүлд дахин мэдэгдэл хийж, Израиль болон Ираны засгийн газрууд “бүрэн хэмжээний гал зогсоох” тохиролцоонд хүрсэн тухай зарлав.
Түүний хэлснээр, хоёр тал байлдааны ажиллагаагаа зогсоосны зургаан цагийн дараа албан ёсны гал зогсоох шийдвэр хэрэгжиж эхэлсэн аж.
“Энэ дайн олон жил үргэлжилж, Ойрх Дорнодыг бүхэлд нь сүйрүүлж болох байсан ч тэгсэнгүй. Дахин хэзээ ч давтагдахгүй боллоо,” хэмээн Трамп тэмдэглэсэн байна.
Гэвч одоогоор Израиль болон Ираны талаас гал зогсоох гэрээг баталгаажуулсан албан ёсны мэдэгдэл хийгээгүй хэвээр байна.