Ираны шинэ Дээд удирдагч аятолла Моджтаба Хаменей өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд болсон агаарын дайралтын үеэр пуужин тусахын өмнөхөн байрнаас түр гарч явсны ачаар амьд үлдсэн байна.
Энэ тухай Британийн The Daily Telegraph сонин мэдээлснийг Medee.news дамжууллаа. Тус сонин Ираны Исламын хувьсгалыг хамгаалах корпусын (КСИР — элит анги нэгтгэл) удирдлагуудад хандаж хэлсэн Мазахер Хоссейнигийн аудио мэдэгдлийг олж авчээ. Хоссейни нь уг халдлагын үеэр амиа алдсан Ираны өмнөх Дээд удирдагч аятолла Али Хаменейн ёслолын албаны дарга байсан юм. The Daily Telegraph уг бичлэгийн үнэн бодит байдлыг хараат бус шинжээчид баталсан гэж мэдээлэлдээ дурджээ.
“Бурхны таалал ийм байжээ. Моджтаба ямар нэгэн ажлаар хашаа руу гараад, буцаж орж ирэх ёстой байв. Тэрээр гадаа байж байгаад дээшээ өгсөж явах үед нь пуужин байшинг оножээ. Харин түүний эхнэр Захра Хадад Адель тэр дороо амиа алдсан” гэж Хоссейни ярьсан байна.
Мөн тэрээр халдлагын үеэр Ираны шинэ Дээд удирдагч хөлөндөө “хөнгөн бэртэл” авсан бол түүний хүү мөн амь үрэгдсэн болохыг мэдэгджээ.