Боловсролын яам болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) хамтран ЕБС-ийн сурагчдын дунд “Ирээдүйн Марадона” нэртэй үндэсний хэмжээний хөлбөмбөгийн тэмцээнийг анх удаа зохион байгуулахаар өнөөдөр албан ёсоор гэрээ байгууллаа.
Уг тэмцээн нь 2025 оны 9-р сарын 1-нээс эхэлж, 21 аймаг, 3 хотын 330 сумын сургуулийг хамрах өргөн цар хүрээтэй зохион байгуулагдана. Охид, хөвгүүдийн дөрвөн насны ангиллаар явагдах бөгөөд нийт 200 сая төгрөгийн шагналын сантай байх юм.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал энэхүү тэмцээний ач холбогдлыг онцлон:
“Хүүхдүүдийг дэлгэц, цахим тоглоомоос ангид байлгаж, спортоор дамжуулан эрүүл, зөв хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд тэмцээн чухал нөлөө үзүүлнэ” хэмээлээ.
Харин МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар:
“Монголчууд багийн спортыг орхигдуулж ирсэн. Хөлбөмбөг хүүхдүүдэд багаар ажиллах, хамтран сэтгэх, нэг зорилгын төлөө нэгдэн тоглох ур чадвар суулгаж, ирээдүйн удирдагчдыг бэлтгэх үндэс болно” гэж мэдэгдлээ.
Тэмцээний зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хамтарсан ажлын хэсэг хариуцах бөгөөд шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө бүх зүйл бүрэн бүрдсэн байх төлөвлөгөөтэй байна.