Ирэх жил дөрвөн баярын амралт долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхцана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ирэх оны нийтийн амралтын өдрийн дөрвөн хоног

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу манай улс жил бүр тодорхой тооны баярын өдөр бүх нийтээр амарсаар ирсэн. Үүнд шинэ жил, Цагаан сар, олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Үндэсний их баяр наадам, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр, Бүгд найрамдах Улс тунхагласны ой, Бурхан багшийн Их дүйчин өдөр гэх мэт үндэсний хэмжээний баярууд багтдаг. Эдгээр өдрүүдэд нийтээр амрах эрх хуульчлагдсан хэвээр байна.

2026 онд дээрх баяруудаас дөрвөн өдрийн амралт Бямба, Ням гарагт таарах тооцоо гарсан. Ингэснээр ажил, албан байгууллагад хамаарахгүйгээр анхнаасаа амралтын өдөр дээр давхар амрах байдал үүсэж, иргэд бодитоор амрах хоногоо алдах эрсдэл гарч байгаа талаар шүүмжлэл дагуулж байна. Энэ асуудлыг шийдэх зорилгоор бүх нийтийн амралтын өдөр долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн ажлын өдөр рүү шилжүүлдэг зохицуулалтыг сэргээх хуулийн төсөл УИХ-д хэлэлцэгдэж байна.

Төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Б.Уянга “Одоогийн хүчин төгөлдөр хуулиар есөн нэр бүхий баярын 16 хоногт бүх нийтээр амардаг. Бидний өргөн барьсан төсөл нь зөвхөн үндэсний хэмжээний томоохон баярууд, наадмууд Бямба, Нямтай давхцсан тохиолдолд амралтыг дараагийн ажлын өдөр лүү шилжүүлэх механизмыг дахин хуульчлах зорилготой” хэмээн тайлбарласан. Ийм агуулгатай заалт өмнө нь хуульд байсан ч 2022 оны шинэчилсэн найруулгын үед хасагдсан тул одоо дахин сэргээх санал гарч буй юм.

Товчхондоо, ирэх жил бүх нийтийн амралтын 4 өдөр нь амралтын өдрүүдтэй давхцах бөгөөд хэрэв дээрх хуулийн өөрчлөлт батлагдвал эдгээр өдрийг дараагийн ажлын өдөр рүү шилжүүлж, иргэд бодитоор амрах хоногоо алдахгүй байх нөхцөл бүрдэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй