Монгол Улсын Засгийн газар байгалийн баялгийг шударгаар хуваарилах, иргэн бүрт үр өгөөжийг нь хүртээх зорилгоор бодлогын шинэ чиглэл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Үндсэн хуулийн 6.2-т заасан “Газрын хэвлий дэх баялаг ард түмний мэдэлд байна” гэсэн суурь зарчмыг амьдралд хэрэгжүүлэх чухал алхам бол 2024 онд баталсан “Үндэсний баялгийн сангийн тухай” хууль юм.
Энэхүү хуулийн хэрэгжилтийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр”-ийн үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй голлох гурван компанийн удирдлагуудтай уулзалт хийж, баялгийн тэгш хуваарилалт, үр өгөөжийн тухай санал солилцлоо. Уулзалтад дараах компаниуд оролцов:
- “Ачит Ихт” ХХК
- “Зэс Эрдэнийн Хувь” ХХК
- “Эрдмин” ХХК
Уулзалтаар эдгээр компаниуд Засгийн газрын шинэ бодлогыг бүрэн дэмжиж, хэлэлцээрт нээлттэй оролцох, улмаар иргэн бүрт баялгийн үр шимийг хүртээх механизмын хэрэгжилтэд хамтран ажиллахаа албан ёсоор илэрхийллээ.
Иргэдийн хүртэх үр өгөөж:
Энэхүү хамтын ажиллагаа нь:
- Баялгийг төвлөрсөн бус, иргэнд чиглэсэн байдлаар хуваарилах,
- Үүсмэл ордоос олж буй орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, сангийн орлогоос иргэн бүрт хувь хишиг хүртээх боломжийг бүрдүүлнэ,
- Уул уурхайн салбарын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх чухал алхам гэж үзэж байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн үүсмэл орд нь зэсийн баяжмал болон дахин боловсруулалт шаардлагатай хаягдлаас ашигт малтмал гарган авах стратегийн чухал эх үүсвэр бөгөөд уг ордод ажиллаж буй компаниудын үр ашиг, бүтээмж өндөр байдаг.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч байна:
Хувийн хэвшлийн төлөөлөл нь төрийн зүгээс иргэдийн баялгаас хүртэх эрхийг хангах механизмыг дэмжиж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хамтран ажиллах нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт, эдийн засгийн эрх тэгш байдалд оруулж буй бодит хувь нэмэр юм.
Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордоос баялгийн өгөөжийг ард иргэдэд хүртээх шинэ үеийн загвар бодит ажил болж эхэллээ.