Испанид бүсгүй эвтанази хийлгэх эрхээ шүүхээр авлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ноэлия Кастильо Рамос

Испанид 25 настай бүсгүй өөрийн гэр бүлийнхэнтэйгээ хоёр жилийн турш заргалдсаны эцэст эвтанази (euthanasia – эмнэлгийн аргаар амь насаа таслах) хийлгэх эрхээ шүүхээр хамгаалж чаджээ.

El Pais сонины мэдээлснээр, шүүхээс эцсийн шийдвэрийг түүний талд гаргасан байна.

Ноэлия Кастильо Рамос маш хүнд нөхцөлд төрж өсжээ. Түүний эцэг эх хоёулаа сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, хар тамхинд донтсон хүмүүс байсан тул Ноэлия бага насаа асрамжийн газар болон эмээгийндээ өнгөрүүлсэн байна. Тэрээр нийгмийн халамжийн төвд байхдаа бүлэг хүчирхийлэлд өртөж байсан гашуун түүхтэй.

Хэдэн жилийн өмнө бүсгүй амиа хорлохыг завдсаны улмаас хөл нь саажиж, хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Испани улс 2021 онд эвтаназийг хуульчилсан бөгөөд Ноэлия 2024 онд уг үйлчилгээг авах хүсэлт гаргасан байна. Холбогдох комисс түүний биеийн байдлыг “эргэшгүй” бөгөөд байнгын архаг өвдөлт, шаналал дунд байгааг тогтоон, хүсэлтийг нь зөвшөөрчээ.

Гэвч түүний эцэг Херонимо Кастильо шүүхэд хандсанаар уг ажиллагааг түр зогсоож чадсан юм. Эцгийнх нь зүгээс охиноо хүчтэй өвчин намдаагч хэрэглэж байгаа болон сэтгэцийн байдлаасаа болоод бие даан шийдвер гаргах чадваргүй гэж тайлбарлаж байв. Ноэлиягийн эх болон эгч нь мөн адил эвтаназийг эсэргүүцэж байжээ.

Шүүх үйл ажиллагаа нийт таван шат дамжсаны эцэст гэр бүлийнхэн нь Европын хүний эрхийн шүүхэд хандсан ч тус шүүхээс эвтанази хийх шийдвэрийг цуцлах үндэслэлгүй гэж үзсэн байна. Уг ажиллагааг 3 дугаар сарын 26-нд гүйцэтгэхээр товлосон байв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй